Ингэ саахад зориулсан хувингийн суурь тэмээчдийн хэрэгцээ болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 11:46:00

Ингэ саах үед ашиглах саалийн хувингийн суурийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6- р багийн харъяат тэмээчин С.Батдэлгэр хийсэн нь ойр хавийн тэмээчин өрхүүдийн өдөр тутамдаа ашигладаг хөдөлмөр хөнгөвчилсөн хэрэгсэл болжээ. Тэрээр зуу гаруй тэмээтэй, Өлзийт сумын Зүүнбулаг хэмээх газар нутагладаг бөгөөд эхнэр н.Өлзийтуяадаа энэхүү хувингийн суурийг анх хийж өгсөн байна.

Ингэ саахад нэг хөлөө өргөж, өвдөг дээрээ хувингаа тавьж байж саадаг бөгөөд энэ нь сааль саахад тийм ч хялбар байдаггүй. Нөгөө хөл дээр ачаалал төвлөрдөгөөс нуруу амархан хөшиж, хөл бадайрдаг байна. Харин бэлхүүсэндээ зүүдэг энэхүү хувингийн суурь нь дээрх бэрхшээлийг шийджээ.

Эхнэр Н.Өлзийтуяа “Бэлхүүсэндээ зүүдэг хувингийн суурийг манайхаас улбаалан Хулд, Өлзийт сумын тэмээтэй айл өрх ашигладаг болсон. Манайд захиалан хийлгэдэг. Хөнгөн мөртлөө хат сайтай, нарийн төмрийг гагнаж хийдэг бөгөөд нэг ийм суурийг 15 мянган төгрөгөөр худалддаг” гэлээ.

Хувингийн суурь хийх төмрийг түүхий эдийн ченжүүдээс худалдан авдаг байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд