Аймгийн Засаг дарга Цэнхэр сумын нөхцөл байдалтай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-30 18:29:34

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж, албан ажил түр завсарласан хугацаанд аймгийн Засаг дарга Д.Золжаргал халдвар тархаад буй сумдын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж байна. Томилолтын багийн гишүүд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримталж, PCR шинжилгээний хариуг үндэслэн өнөөдөр Цэнхэр суманд ажиллажээ.


2021 оны 4 дүгээр сарын 23-24-ний өдөр буяны ажилд оролцохоор Эрдэнэбулган сумаас очсон нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, Цэнхэр суманд тэг зогсолт хийгээд байгаа. 


Өнөөдрийн байдлаар тус суманд нийт 14 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд СОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу тэг зогсолтыг 5 дугаар сарын 1-ний өдрийн 18.00 цаг хүртэл сунгасан байна. 

Сумын онцгой комиссоос нийт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тодорхойлох, хэрхэн хариу арга хэмжээ авч ажиллаж буй тухай аймгийн удирдлагуудад танилцуулсан юм.

Мөн айл өрхүүдэд хүнс, эм, ундны ус, малын эм тариа хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ.

Холбоотой мэдээ