ТИКА зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-30 14:05:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА "COVID-19"-ийн цар тахлын үед манай улсын зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байна.


Энэ ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон хүмүүнлэгийн чиглэлийн ТББ-уудтай хамтран зохион байгуулж байгаа. Энэ удаа Рамадан сарыг тохиолдуулан Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Налайх дүүрэг болон Ззавхан, Баян-Өлгий аймгийн 1200 айл өрхөд хүнс болон зайлшгүй хэрэгцээт 11 нэрийн бараа бүтээгдэхүүний тусламжийг үзүүлж байна. 


Энэ удаагийн тусламжийн барааг гардуулахад БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, ТИКА байгууллагын суурин төлөөлөгч У.Эмрах нар оролцлоо. Тэд хамтран ажиллаж буй ТББ-уудын төлөөлөлтэй уулзан хүнсний бүтээгдэхүүнийг гардуулсан юм. Энд "Бат Гэрэлт ирээдүй", "Миний ертөнц", "Хүний хөгжлийг дэмжих гүүр" зэрэг ТББ-ууд хамтран оролцож, тухайн тусламжийг зорилтот бүлгийн өрхүүдэд хуваарилан хүргэн өгч байна. 


Тусламжийг хүнс болон бусад зайлшгүй хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүний дэмжлэг хэрэгтэй байгаа нийслэлийн 2 дүүрэг, Завхан, Баян-Өлгий аймгийн зорилтот бүлгийн 1200 өрхөд хүргэж байна. 



Ээлжит тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр ТИКА байгууллагын суурин төлөөлөгч У.Эмрах хэлэхдээ, "Манай агентлаг нь Монгол Улсад 2004 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл бид Монголд 721 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Бид салбар бүрт төсөл хэрэгжүүлдэг. 


Ялангуяа Монгол Улсын боловсролын салбарт сургууль барих, засварлах, тохижуулах, эрүүл мэндийн салбарт мөн эмнэлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр өвөл, зуны хүлэмж барьж байгуулах, малын тэжээл тариалах, соёлын чиглэлээр нийтлэг үнэт зүйлсийг сурталчлан таниулах, эдийн засаг, захиргааны дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Салбар салбарын төслөөс гадна Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирлээ.  Энэ хүрээнд хүнс, эрүүл ахуйн барааны тусламж үзүүлдэг. Өнгөрсөн жил бид рамадан сарыг тохиолдуулан 1000 айлд, мөн Монголын сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан 2000 айлд хүнс, эрүүл ахуйн тусламжийн багц хуваарилан хүргүүлсэн. Энэ удаа ч бид энэ жилийн Рамадан сарыг тохиолдуулан 1200 айлд тусламж үзүүлж байна. Бид Монгол Улс дахь төсөл хөтөлбөрүүдээ цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлнэ" гэсэн юм. 

Тэрээр Турк улсын хүмүүнлэгийн тусламжийг Рамадан сарыг тохиолдуулан дэлхийн 87 улс орны мянга мянган хүнд зэрэг үзүүлж буйг тодотгож байв. ТИКА байгууллага нь улс орнуудад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ жил бүр Рамадан сарын хүрээнд "Эрэнлэг зоогийн ширээ" нэрийн дор нэгтгэж нэгддэг байна. 





ТИКА-гаас Монголд энэ удаа үзүүлж буй хүнсний тусламжийн багцад манай улсын үндэсний үйлдвэрлэгч "Алтан тариа" ХК-ийн гоймон, "Од" группийн гурил, "Стимо" үйлдвэрийн нарийн боов болон импортын ургамлын тос, гүрж ногоон цай, Тайланд улсын цагаан будаа, угаалгын нунтаг, саван зэрэг 11 нэр төрлийн бусад бүтээгдэхүүн багтжээ. 




Холбоотой мэдээ