Зориулалтын дагуу ашигладаггүй газрыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-29 15:37:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад хогоор дүүрсэн, ашигладаггүй, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар бий. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт  2013 онд доороо авто зогсоолтой хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч ийм байдалтай байна. 


Оршин суугчид талбай байхгүй учир хогийн цэгээ машин замын нэг урсгалыг хаан байрлуулсан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай гомдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт ирүүлжээ.


Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар газар дээр нь очиж, ажиллалаа.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Энд барьсан барилгуудын газар бүгд хувьчлагдсан. Хоёр иргэн энэ хоёр газрыг 2006, 2008 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Төлөвлөлтийн дагуу ашиглах ёстой” хэмээсэн юм.


Холбогдох албаныхан НМХГ-т албан тоот хүргүүлж, дүгнэлт гаргуулан, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо. Өмнө нь НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар шаардлага хүргүүлж байжээ. Шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ авахыг албаныхан  онцлов.

 

Холбоотой мэдээ