“Тавантолгой” төслийн хөгжлийн талаар санал солилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-28 16:58:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй цахимаар уулзжээ.


Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн хөгжлийн талаар санал солилцлоо.


Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч байгаагаа тэмдэглээд, үндэсний баялгийн сангийн тухайд дэлхийн томоохон үндэсний баялгийн сангуудын талаар сайтар судалж, хуулийн төслийг боловсруулсныг дурдав. Цаашилбал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тавантолгой”-н цахилгаан станц барихаар тусгасан. Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухлыг онцолжээ.


Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хэлэхдээ, “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг урагшлуулахад хүчин чармайлт гаргаж буйгаа илэрхийлэв.


Түүнчлэн, Франц Улсад Үндэсний баялгийн сан байдаггүй ч төрийн сангууд болон үндэсний хуримтлалыг хариуцан олон жилийн турш ажиллаж ирсэн арвин туршлага бүхий томоохон байгууллагууд байдгийг дурджээ. Тэрбээр Францын зарим компани Тавантолгой төсөлтэй санхүүжилтийн схем байгуулахад  туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтойг тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ