ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-28 12:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн  Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа.


Уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэйг илэрхийлж, ойрын хугацаанд цахим яриа хэлэлцээр өрнүүлэх саналыг танилцуулав.


Мөн Екатеринбург хотноо энэ оны долдугаар сарын 6-9-нд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн "Иннопром-2021" үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг уриад, энэ үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурджээ.


Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүх салбарт амжилттай хөгжиж, хотуудын харилцаа идэвхтэй өрнөж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирснийг онцоллоо.


Тэрбээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын санал болгосон хамтран ажиллах саналыг судлан, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

Холбоотой мэдээ