Монголын уламжлалт Хорол тоглоомыг хэрхэн тоглох вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-27 12:59:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангайн Музейн боловсролын ажлын хүрээнд Монголын уламжлалт тоглоом наадгайн тухай танин мэдэхүйн танилцуулгыг цувралаар хүргэж байна.

Хорол тоглоом:

Хорол тоглоомыг тоглох заавар:

Хорол буюу Зэндмэнэ нь гарын болон газрын мод гэсэн 2 хэсэгтэй бөгөөд нийт 60 ширхэг модтой.

Гарын мод: Үүнд

1. Чандмань - 4ш

2. Хорол – 4ш

3. Өлзий /Эсвэл Арслан/ -4ш

Газрын мод:

1. Луу – 4ш

2. Могой - 4ш

3. Морь - 4ш

4. Хонь - 4ш

5. Бич - 4ш

6. Тахиа - 4ш

7. Нохой - 4ш

8. Гахай - 4ш

9. Хулгана - 4ш

10. Үхэр - 4ш

11. Бар - 4ш

12. Туулай -4ш

Хамгийн том мод нь Чандмань бөгөөд дээрх бичсэн дарааллаар моднууд нь бие биенээ ахална. Тухайлбал: Чандмань нь Хоролоос Туулай хүртэлх бүх модыг ахална гэсэн үг. Харин Луу бол Могойноос Туулай хүртэлх бүх модыг ахална. Гэх мэт бие биенээ ахална. Туулай бол хамгийн бага мод нь юм.

Тоглох журам:

Тоглоомд тэгш тоотой хүн тоглож байгаа бол талцаж тоглоод олон гэр барьсан тал нь хожно. Тухайлбал: 6 хүн тоглож байгаа бол модоо доош харуулан хооронд нь сайн холиод модоо 5, 5-аар давхарлан өрж дугуйлан тавина. Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно. 

2 талын хэн нь эхэлж сөхөхөө үзнэ. Сөхөхгүй тал нь жин хэлнэ. Жинг хэлэхдээ мориноос дооших амьтны аль нэгийг хэлнэ. Тухайн хэлсэн жин бол хамгийн том мод нь болно. Жин нь Чандманийг хүртэл ахалдаг дүрэмтэй. Тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл азын 4 морь гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй. Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.

Харин сондгой тоотой хүн тоглож байгаа бол цай хурааж тоглоно. Тухайлбал: 5 хүн тоглож байгаа бол Цайг авахдаа Чандманиас 2-ыг, Хоролоос 2-ыг, Өлзий /Эсвэл Арслан/-аас 2-ыг, Луунаас 2-ыг, Могойноос 2-ыг тус тус авахад нийт 10 ш цай болох бөгөөд нэг хүнд 2-ыг тарааж өгнө. 

Үлдсэн 50 модоо доош харуулан сайтар холиод 5, 5-аар давхарлан дугуйлан тавина. /Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно./

Тоглоомд оролцож байгаа хамгийн ахмад настай хүн эхэлж сөхөх бөгөөд ахмад настай хүний баруун гар талд сууж буй хүн Жин хэлнэ. Жинг хэлэхдээ мориноос дооших амьтны аль нэгийг хэлнэ. Тухайн хэлсэн жин бол хамгийн том мод нь болно. Жин нь Чандманийг хүртэл ахалдаг дүрэмтэй. Тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл Азын 4 морь гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй.

Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад хамгийн олон цай буюу 10 цайгаа хураасан хүн нь хожно.

Ерөнхийдөө даалууны цай хураах гэдэг тоглоомтой төстэй.

Холбоотой мэдээ