Хувийн болон албаны тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нарийвчлан зохицуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-26 17:12:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинд шилжсэн хугацаанд ажиллах 14 салбарын ажилтнуудын хувийн болон албаны тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нарийвчлан зохицуулах болсон талаар УОК-оос өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, “улаан” түвшинд шилжсэн хугацааг ирэх сарын 8 хүртэл сунгасан. Ингэхдээ үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарын тээврийн хэрэгслийг өмнө олгож байсан QR кодын мэдээллийн санд тулгуурлан зорчуулж буй юм. Одоогоор QR код олгох qr@gov.mn цахим хаягт 15 мянган иргэн, аж ахуйн нэгжээс хүсэлт ирсэн бөгөөд 40 мянга гаруй тээврийн хэрэгсэлд QR код олгожээ.


Эрүүл мэндийн салбарын байгууллагын автомашиныг цагийн хязгаарлалтгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн автомашиныг цагийн хязгаарлалттай зохицуулж буй. Гэвч иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахим хамгаалах эрүүл мэндийн салбарт цагийн хязгаарлалт нийцэхгүй байх хүндрэл үүсэж байгаа аж. Мөн дээрх асуудал хэвлэл мэдээллийн салбарт мөн үүссэн байна. Тиймээс эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг цагийн хязгаарлалтгүй зорчуулах эсэх асуудлыг энэ сарын 27-ны дотор шийдвэрлэнэ гэдгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэв. Түүнчлэн хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын ажилтнууд 20.00 цагийн хязгаарлалтад орохүйгээр ажиллах боломжтой гэдгийг мөн онцолсон юм.


Ташрамд дурдахад, QR код авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг qr@gov.mn хаягаар өдөр бүр 8.00-21.00 цаг хүртэл хүлээн авч, маргааш өглөө нь хариуг нь өгч байгаа аж.

Холбоотой мэдээ