Ж.Трюдо “AstraZeneca”-гийн вакцин хийлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-23 13:43:15

ОТТАВА. /Global News/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, түүний гэргий Софи Грегуар Трюдо нар “Oxford-AstraZeneca”-гийн вакцины эхний тунг баасан гарагт хийлгэнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлжээ.


Өдгөө 49 настай Ж.Трюдо дархлаажуулалтад хамрагдах ээлжээ ирэх үед вакцин хийлгэнэ гэдгээ өнгөрсөн оны сүүлээр орон даяар “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөр эхлэх үеэр мэдэгдэж байжээ.


Онтарио мужийн 40-өөс дээш насны оршин суугчид “AstraZeneca”-гийн вакциныг энэ долоо хоногийн мягмар гаргаас хийлгэх боломжтой болсон байна.


Софи Трюдогийн хувьд 2020 оны гуравдугаар сард коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарч байсан бөгөөд хоёр долоо хоногийн дараа эдгэрсэн юм.


Канадад өнөөдрийн байдлаар 10 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины нэг тунг тариулсан бол 970 мянга гаруй хүнийг бүрэн вакцинжуулжээ. 

Холбоотой мэдээ