Газар Дундын тэнгист завь хөмөрч, 130 орчим цагаач амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-04-23 13:09:40

ТРИПОЛИ. /TASS/. Лхагва гарагт Ливийн эрэг орчимд хууль бус цагаачид сууж явсан завь хөмөрсний улмаас 130 орчим хүн амиа алдсан тухай “SOS Mediterranee” төрийн бус байгууллага мэдээлжээ.


Завь хөмөрсөн талаар мэдээлэл авсны дараа ослын газар руу дээрх байгууллагад хамаардаг хөлөг онгоцыг илгээсэн байна. Тухайн үед гурван завь явж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь хөмөрсний дараа завин дээр явсан хүмүүсээс нэг нь ч амьд үлдээгүй аж.


Цаг уурын таагүй нөхцлийн улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан байна. Европын Холбооны хилийн хяналтын “Frontex” агентлагийн нисэх онгоцууд осол гарсан газраас холгүй резинэн завины хэсгүүдийг олжээ.


Ливи улс нь Европын орнууд руу нэвтрэхийг зорьж буй Африкийн дүрвэгчдийн дамжин өнгөрөх гол цэг хэвээр байгаа юм. Ливийн Хүний эрхийн хорооноос мэдээлснээр, 2020 онд тус улсын эрэг хавиас 11 891 хууль бус цагаачийг аварсан бол 300 гаруй хүн амиа алдсан байна. 


 


Холбоотой мэдээ