“The Guardian”: Алтан судал киноны гол санаа

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-04-21 22:34:35

ЛОНДОН. /The Guardian/. Оскарын наадмын шилдэг баримтат кино шагналд “Ингэн нулимс” бүтээлээрээ нэр дэвшиж байсан Монголын найруулагч Д.Бямбасүрэн эх орныхоо нүүдэлчдийн амьдрал ахуйг харуулсан өөр нэгэн киног бүтээсэн нь “Алтан судал” юм.


Монголын тал нутгийг нүд алдам, өргөн хүрээгээр буулгасан нь кинотеатрын дэлгэцэнд томоохон нөлөө үзүүлэх байсан боловч цар тахлын үеэр гарсан нь харамсалтай байв.


Энэхүү кино нь сэтгэл татам ногоон талын зураглалаар эхлэх бөгөөд тал нутаг үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Гэвч яруу найрагт дүрслэгддэг энэ тансаг байгальд ухаж сэндийчсэн нүхнүүд аажмаар гарч ирнэ. Ийнхүү үржил шимтэй хөрс гэлтгүй нүүдэлчдийн амьдралын уламжлалт хэв маяг алдагдах аюул нүүрлэнэ. Ийнхүү өрнөх явдлуудыг 11 настай хүү Амраагийн /Б.Бат-Ирээдүй/ өнцгөөс харах юм. Түүний аав механикч Эрдэнийн /Н.Ялалт/ хувьд уул уурхайн компаниудын түрэмгий ажиллагааг эсэргүүцдэг нутгийн иргэдийг удирдана. Харамсалтай нь, эмгэнэлт явдал тохиосноор Амраа тал нутгийг сүйтгэж буй хүмүүсийн эсрэг ганцаар тэмцэгч нэгэн болж, түүний гэнэн цайлган сэтгэл эрс шийдэмгий болж хувирна.


Уул уурхайн компаниуд олборлолтыг хайр найргүй хийснээр гол мөрнүүд ширгэхэд хүрнэ. Тийнхүү Амраа гэр бүлийнхэнд нь тохиосон уй гашуу төдийгүй өвөг дээдсийнх нь газар нутгийг хэрхэн сүйтгэсний гэрч болсон ариун модон дээр очно. Энэхүү хэсэг нь байгаль дэлхийгээ сүйтгэх явдал ямар харгис хэрцгий байгааг улам бүр тодотгон харуулна. “Алтан судал” кино нь системчилсэн мөлжлөгийг хөнгөнөөр ойлгуулах атлаа дотно байдлыг цогцоор нь харуулж, хүний өрөвдөн нигүүсэх сэтгэлийг онцлон тусгажээ. Энэхүү киног “YourScreen” цахим хуудаснаас дөрөвдүгээр сарын 13-наас үзэх боломжтой болжээ.



Холбоотой мэдээ