Чад улсын Ерөнхийлөгч шархаа даалгүй нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-21 12:15:28

НЖАМЕНА. /AFP/. Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно босогчдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр авсан шархаа даалгүй мягмар гарагт нас баржээ. Энэ тухай тус улсын армийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Азема Бермандоа төрийн телевизээр мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, Чад улсын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан байлдааны ажиллагааны үеэр хүнд шархадсан байна. Тэрбээр тус улсын нийслэл Нжамена хотоос хойд зүгт босогчдын отрядыг устгах ажиллагааг биечлэн удирдаж байжээ.


1990 оноос хойш Чад улсыг удирдаж байсан корпусын генерал Идрисс Деби Итно дөрөвдүгээр сарын 11-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялж, зургаа дахь удаагаа улиран сонгогдсоныг тус улсын хараат бус Сонгуулийн үндэсний хороо мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр нийт сонгогчдын 79.32 хувийн саналыг авсан байна.


“Чад дахь өөрчлөлт, зөвшилцлийн төлөөх фронт” хэмээх босогчдын бүлэглэлийн зэвсэгт отрядууд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл явцыг тасалдуулахыг оролдож, Чад улсын хойд нутаг руу халджээ.


Засгийн газрын цэргүүд Нжаменагаас хойд зүгт 300 км зайтай газар босогчидтой тулалдаж, бут цохисон байна. 300 гаруй босогчийг устгаж, 150 хүнийг олзолжээ.


Ерөнхийлөгчөө нас барсны дараа Чад улсын цэргийнхэн Засгийн газар болон парламентыг тарааж байгаагаа мэдэгдэж, шилжилтийн үеийн дараа ардчилсан сонгууль явуулахаа амласан байна.


Чадын цэргийнхэн Дебиг нас барсны дараа хөл хорио тогтоож, улсынхаа хилийг хаажээ.



Холбоотой мэдээ