Дүрслэх урлагийн музей: Балданлхам бурхны зээгт наамал

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-21 09:33:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XIX зууны сүүлчээр нэр нь үл мэдэгдэх зураачийн хар зургаар үнэт чулуу шигтгэж бүтээсэн, шашны урлагийн гайхамшигт бүтээл “Цогт охин тэнгэр" хэмээх зээгт наамал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй.

 

Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг эм мамын дүрээр анх XI зуунаас Махгал догшин сахиусын хамт дүрсэлж эхэлсэн.

XVI зууны сүүлээр шарын шашны үеэс биеэ даасан дүрслэл болгон бүтээдэг болжээ. Шарын шашинд Балданлхамыг Лхас хот ба Төвөдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг байна. Төвөдийн II Далай лам Гэндэнжамц (1475-1542) Лхамын тахилын хийдийг Лхасаас холгүй 1509 онд байгуулсан үеэс Төвөдийн тэргүүнүүд, шинээр тодорсон Далай лам бүхэн жил бүр энд ирж Лхамын ном хурж, тахил өргөх уламжлал тогтжээ.


Зуун нэрт, мянган тэмдэгт Цогт охин тэнгэрийг хатан ертөнцийн ёсыг хатуу зөөлөн дүрээр удирдаж, хамаг амьтныг эх мэт асарч, хүч хайр, зүрх сэтгэлээ зориулж хүссэн цагт өдрийн гурван харуул, шөнийн гурван манааг илгээж, есөн хүслийг хангадаг бурхдын эх, нөгөөтэйгүүр хүнийг бүхлээр нь залгигч эм мангас гэж үздэг. Нүгэлтний хар цэргийг нухчин дарсан дайны их жанжин хэмээн нэрлэх нь бий. Ингэж олон дүр төрөлд хувилдаг хүчит рид хувилгаан ажээ.


XVI-XX зууны үед Охин тэнгэрийг шашны зураг урлагт хувилгаан биет догшин дүртэйгээр цутгамал, зээгт наамал, танка зургийн төрлөөр бүтээж иржээ. Дундад зууны үеийн дорно дахины ертөнцийг үзэх үзлийн дагуу дээд тэнгэр, доод тивүүд оршдог тухай, хоосон чанарын зүйлийг бодит хэмээн дүрсэлсэн бүтээл юм. Цогт охин тэнгэрийг 33 тэнгэрийн оронд Хурмастын охин Умади, Есөн эгч дүүгийн эрхэм буюу Монголд Балданлхам, Хятадад сайхан хоолойт охин Дэнсмаа, Төвөдөд Төгс цогт эгч Балдан Алима Магжи, Японд Огторгуй орны цогт эх гэж тооцдог учраас зуун нэрт, мянган цолт хэмээн алдаршсан. Бурхдын хувилгаан эдгээр дүр дотроос Есөн эгч дүүгийн эрхэм (Балдан лхам)-ыг монголчууд шүтэж, догшин дүрээр бүтээж иржээ.

Холбоотой мэдээ