Бразилын сайдууд огцорсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-17 11:38:29

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Бразилын Аялал жуулчлалын сайд Энрике Алвес авлигын дуулиан шуугианд холбогдсоноор огцрохоос аргагүйд хүрчээ.

Э.Алвес нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темерийн засгийн газрыг орхиж буй гурав дахь сайд боллоо.

Тэд бүгд төрийн өмчийн нефтийн компани болох “Петробрас”-тай холбоотой авлигын томоохон дуулианд орооцолдсон ажээ.

20 улс төрч, тэдний дотор М.Темерийн талаар “Петробрас”-ын нэгэн охин компанийн захирал асны өгсөн мэдүүлгийг тус улсын Дээд шүүх лхагва гарагт нийтэд дэлгэжээ. Харин М.Темер өөрийгөө авлигын хэрэгт холбоогүй гэж няцааж байгаа юм. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ, гэрчийн мэдүүлэг бол “ор үндэслэлгүй худал яриа” гэжээ.

Гэрчийн мэдүүлгийг “Петробрас”-ын охин компани болох “Транспетро”-гийн захирал асан Серхио Мачадо өгсөн байна.

С.Мачадог байцааж байгаа бөгөөд тэрбээр прокуроруудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр буруугаа хүлээжээ.

С.Мачадо мэдүүлэхдээ “М.Темер болон Э.Алвес нар сонгуулийн сурталчилгааны мөнгө надаас нэхсэн. “Петробрас”-аас зувчуулсан хэдэн тэрбум доллароос хахуулийн мөнгийг гарган өгч байгаа гэдгийг тэд мэдэж байсан” гэжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ