“Элэг бүтэн Баянхонгор” төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-17 11:30:48

“Элэг бүтэн Баянхонгор” төсөл аймгийн хэмжээнд хэрэгжиж эхэллээ. Төслийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байна. Тодруулбал, С вирусын идэвхжил тоолох аппаратын төсөв болох 15 сая,  аппаратны урвалж бодисын 5 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгчээ.

Энэ дагуу төслийн санаачлагч “Өвчтөн, ниймгийн төлөөллийн зөвлөл”, “ОНОМ” сангийн төлөөлөгч болох 9 хүнийн бүрэлдэхүүнтэй баг Баянхонгор аймагт 3 хоног ажиллаж, өрхийн болон сумдын эрүүл мэндийн төвийн эмч, лаборант нарт практикт суурилсан сургалтуудыг явуулж иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг хөтөлбөрийн дагуу явуулж байна.

Төслийн хүрээнд түргэн тестээр 10-15 минутын хугацаанд В, С вирус оношилж шаардлагатай тохиолдолд Нэгдсэн эмнэлэгт вирусын идэвхжилийг тоолуулж, улмаар эмчийн хяналтанд элэгний вирусын эмийг хэрэглэх боломж бүрдэх юм. Иргэн элэгний В,С вирусыг оношлуулахад 6000 төгрөг төлөх бол вирусын идэвхжил тоолуулахад 90.000 төгрөг төлөх юм байна. Энэхүү төлбөр нь 3-р шатлалын эмнэлгүүдийн вирусын оношлогооны төлбөрөөс 45 хувиар бага зардал юм байна. Орон нутагтаа оношлуулах, цаашлаад эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа тус төсөлд орон нутгийн иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байсан.

Элэгний вирус нь 100 хувь устах боломжтой бөгөөд эмчлүүлэхгүй явснаар элэгний хатуурал болон хавдрын өвчлөлд хүрч болох эрсдэлтэй аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ