Ундны усны аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 14:01:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шинийг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нийслэлийн ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцав.  


Тодруулбал, 2018 онд  Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 671 өрхийн 3047 хүн ам, 72 аж ахуйн нэгж, байгууллагыг хангадаг хүйтэн усны 469 метр урт шугам сүлжээний зэвийг азотын хий ашиглан арилгах туршилтыг амжилттай хийжээ. Үүний дүнд шугам угаахаас өмнө усан дахь төмрийн агууламж 0,027 мг/л байсан нь 0,015 мг/л болж, өнгө булингарын агууламж багасаж, айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгджээ.


Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба БНСУ-ын “Сеннипан” ХХК өнгөрсөн оны нэгдүгээр сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд орон сууцны байран дундах халуун, хүйтэн усны инженерийн шугам сүлжээний зэв хагийг арилгахад хамтарч ажиллах юм.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдалд анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаад, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ