2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэг болжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-04-20 12:13:49

НҮБ. /TASS/. Өнгөрсөн он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун гурван жилийн нэг болжээ. 


“Цар тахалтай холбоотой эдийн засгийн удаашрал уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадсангүй. “Ла-Нинья” үзэгдлийн улмаас бага зэрэг сэрүүн байсан ч 2020 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун гурван жилийн нэг байлаа” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын “Дэлхийн уур амьсгал” тайланд дурдсан байна.  


Уур амьсгалын дулаарал нь улс орнуудын ард иргэд, эдийн засагт нөлөөлсөн байгалийн гамшигт үзэгдэл дагуулж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалал тайлантай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулав. “Дэлхийн дулаарлыг тогтоон барихад амжилтад хүрч эхэлсэн ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хэдэн арван жил үргэлжилнэ. Энэ нөхцөлд дасан зохицох хамгийн сайн аргуудын нэг бол байгалийн гамшгийг ажиглах, урьдчилан сэрэмжлүүлэх арга хэрэгсэлд хөрөнгө оруулах юм” гэж тэрбээр хэлжээ.


Дэлхийн дундаж температур одоо аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.2 хэмээр дулаан байгааг тайланд тэмдэглэжээ. “2011-2020 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсан" гэж тайланд дурдсан байна.


Холбоотой мэдээ