Эрдэнэмандал суманд тандалт судалгааны баг ажиллаад ирлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-20 14:31:52

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал суманд тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг энэ сарын 5-18-ны хооронд ажиллаад иржээ. 

Ажиллах хугацаанд коронавируст халдварын батлагдсан 56 тохиолдлыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 213 иргэнийг тандалт судалгаа хийн гэрийн ажиглалт болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлан, эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн шинэ байранд коронавирусний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх 25 ортой эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 33 хүн хөнгөн байна. 

Эмчилгээний хугацаа дуусан гэрийн ажиглалтад шилжсэн 21 хүн байгаа ажээ.

Эрдэнэмандал сумын ЕБС-ийн хичээлийн байранд коронавирусний халдвартай, биеийн байдал хөнгөн иргэдийг тусгаарлан эмчлэх 60 ортой эмнэлэг дэлгэн 15 хүнийг эмчилж байна. 

Тусгаарлан эмчлэх байр болон тусгаарлан ажиглах байранд аймгийн НЭ-ийн их эмч 1, Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн их эмч 1, багийн эмч 3, сувилагч 2, асрагч 3, ариутгагч 2 ажиллаж байгаа аж. Мөн ОБГ албан хаагч 4, ЕБС, СӨБ-ын тогооч 8, цэцэрлэгийн 2 ажилтан ажиллаж байна. 


Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 2 дотуур байранд 26 өрөө 70 ор бэлдсэнээс эрсдэл өндөр ойрын хавьтлын 54 хүнийг тусгаарлан ажиглах байранд ажиглан хяналтын шинжилгээг хуваарийн дагуу хийж, эрүүл мэндийн байдалд тандалт хийн ажилласан байна.

Холбоотой мэдээ