БНАСАУ-ын импорт огцом өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-04-19 13:40:16

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ олон сарын турш тогтоосон хилийн хяналтаа сулруулж буй байдал ажиглагдаад буй энэ үед БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүнийх нь хэмжээ огцом өссөн дүн үзүүлжээ.


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас ням гарагт мэдээлснээр, БНАСАУ энэ оны гуравдугаар сард 12.98 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд өмнөх сард энэ үзүүлэлт 3000 ам.доллар байжээ.


Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас /18.9 сая ам.доллар/ хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. БНАСАУ шинэ коронавирусний халдвартай тэмцэхийн тулд онцгой байдлын хамгийн өндөр түвшнийг тогтоосон долоодугаар сараас хойш тус улсын БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ тэгт дөхсөн байна.


Харин сүүлийн үед Пёньян хилийн хатуу хяналтаа сулруулж буй байдал ажиглагдаж эхэлжээ. Мөн гуравдугаар сард болсон Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн бүгд хурлаар импортын бүх бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэхийг, баруун хойд нутгийн Синыйжу хотод халдваргүйжүүлэлтийн байгууламжууд байгуулахыг үүрэг болгожээ.


“Өнгөрсөн сард БНАСАУ-аас БНХАУ руу хийсэн экспортын хэмжээ 1.3 сая ам.доллар байсан бөгөөд хоёр талын худалдааны хэмжээ 14.28 сая ам.долларт хүрсэн” гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. БНХАУ нь БНАСАУ-ын гадаад худалдааны бараг бүх хувийг дангаар бүрдүүлж байна. 

Холбоотой мэдээ