Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой орнуудыг нэрлэв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-04-19 12:02:29

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн улс орнуудаар чөлөөтэй зорчих боломж сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хязгаарлагдаад буй энэ үед зорчигчдод вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавих нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй байна гэж “Henley & Partners” байгууллагын шинэ тайланд мэдээллээ.


Энэхүү байгууллага нь “Henley Passport Index” жагсаалтыг 2006 оноос хойш танилцуулж байгаа юм. Дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын энэ оны жагсаалтыг Япон улс дахин тэргүүлсэн бөгөөд тус улсын иргэд 193 орноор визгүй зорчих боломжтой ажээ. Харин Сингапурын иргэд 192 орноор визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. 


Эдгээр орны араас 191 орноор визгүй зорчдог Герман, БНСУ жагссан байна. Henley Passport Index”-ийн эхний 10 байрт голчлон Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд бичигджээ. Их Британи, АНУ-ын хувьд 2014 онд нэгдүгээрт жагсаж байсан бол энэ удаа Швейцар, Бельги, Шинэ Зеландын хамтаар долоодугаар байрт бичигдэж байна. 


Харин БНХАУ, АНЭУ нь сүүлийн 10 жилд хамгийн их ахиц үзүүлжээ. Тодруулбал, 2011 оноос хойш БНХАУ 90 дүгээр байраас 68 дугаарт, АНЭУ 65 дугаар байраас 15 дугаарт жагсах болжээ. АНЭУ-ын иргэд 10 жилийн өмнө 67 орон руу визгүй зорчдог байсан өдгөө 174 улс болж нэмэгджээ. Монгол Улсын иргэдийн хувьд 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 80 дугаарт бичигдсэн байна. 


“ЕХ, АНЭУ, Их Британи, АНУ зэрэг чинээлэг, хөгжингүй орнуудад олон нийтийг вакцинжуулах хөтөлбөр үргэлжилж байгаатай холбоотойгоор зорчих хөдөлгөөн зарим нэг талаар сэргэх төлөвтэй байна. Харин вакцинжуулалтын хурд удаан байгаагийн сацуу цөөн орон руу визгүй зорчдог паспорттой хөгжиж буй орнуудын иргэдийн хувьд хэтийн төлөв арай бүрхэг байна” гэж “Henley & Partners” мэдээлжээ.

 

“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байрт:

1. Япон (193)

2. Сингапур (192)

3. Герман, БНСУ (191)

4. Финланд, Итали, Люксембург, Испани (190)

5. Австри, Дани (189)

6. Франц, Ирланд, Нидерланд, Португал, Швед (188)

7. Бельги, Шинэ Зеланд, Швейцар, Их Британи, АНУ (187)

8. Чех, Грек, Мальта, Норвеги (186)

9. Австрали, Канад (185)

10. Унгар, Литва, Польш, Словак (183)


Жагсаалтын сүүлийн байруудад:

102БНАСАУ (39)

103. Балба (38)

104. Палестины бүс (37)

105. Сомали (34)

106. Йемен (33)

107. Пакистан (32)

108. Сири (29)

109. Ирак (28)

110. Афганистан (26) тус тус жагсжээ. 

Холбоотой мэдээ