Г.Баасанмаа: Малын тэжээл сумандаа тариалж аймгийнхаа хэрэгцээг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-17 10:52:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга Г.Баасанмаатай сум орон нутгийн мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Отор нүүдлээр явсан малчид нутагтаа ирж байгаа өнөө цагт Дэлгэр суманд хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлгэр суманд өнгөрсөн зун бороо хур ороогүйн улмаас гандуу, бэлчээрийн ургамлын ургалт тун муу гарсан. Өнгөрсөн өвлийн тухайд хүйтэн хатуу өвөл болж өнгөрлөө. 2020 онд манай сум 306 мянган толгой малтай байсан. цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид цариг муутай малыг зах зээлд борлуулсан. 

Манай сумын малчдын 50 гаруй хувь нь өөрийн аймгийн сумд болон хил залгаа аймгийн сумдад отроор өвөлжсөн. Тодруулбал, 89 малчин өрх 105 мянган толгой мал өөрийн болон Завхан, Ховд аймгийн нийт 17 суманд отроор өвөлжлөө. Алс отроор өвөлжсөн малчид маань тухайн бүс нутагт нь өвс тэжээл хомсдох, очсон аймаг сумынх нь холбогдох албанаас нутгаа чөлөөл гэсэн шаардлага тавьж байгаа учраас ихэнх нь нутаг руугаа ирж байна. Нутгаасаа 200-500 км-ийн зайд оторлосон малчдын хувьд нүүдэл хийхэд ихээхэн хүндрэлтэй байгаа учир ихэнх нь малаа ачиж ирж байна. Нутагтаа өвөлжсөн малчид маань малаа өвс тэжээлийн хүчинд онд орууллаа. 

Сар шинээс хойш харьцангуй дулаарсан ч ойрын үед салхи шуурга ихэсч хүйтэрч байна. Өдөр уртасч малын идэш хоол хомсдосноос малын хорогдол нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 17370 толгой мал хорогдсон. Манай сум 2020 оны эцэст 244 мянга 571 мал тоолуулсан. Нийт малын 20 орчим хувь хорогдсон, 220 мянган толгой мал онд орсон. 

-Малчдын хаврын их ажлын цаг эхэлсэн. Төл хүлээн авалт хэдэн хувьтай явж байна вэ? 

-Өнгөрсөн өвөл цаг агаар хүндэрсэн учраас малчид маань хуц, ухнаа төдийлөн тавиагүй, тиймээс энэ хавар цөөн мал төллөнө. Ихэнх мал сувиа орж байгаа. Одоогоор төллөсөн мал сүү багатай, төл нь туниа муутай гарч байгаа байдал ажиглагдаж байна. Гэхдээ бод голдуу 5000 гаруй мал төллөсөн дүнтэй байна. 

-Дэлгэр сумын тухайд өвөлжилт хүндэрсэн сумдын тоонд багтаж харьяа яам болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагаас тодорхой хэмжээний өвс тэжээлийн дэмжлэг авсан. Одоогоор сумандаа өвс, тэжээл нөөцөлж чадсан уу?

-Цаг хүндэрсэн үед төр засаг болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээс мал сүргээ онд оруулахад нэлээн их туслалцаа үзүүллээ. Тухайлбал, ХХААХҮЯ, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл гэх мэт газраас хүнд хэцүү цагт малчдаа дэмжиж хоол хүнс, малын өвс тэжээлийн туслалцаа үзүүлсэн. Одоогоор сумынхаа нөөцөд эдийн засгийнхаа боломж бололцоог түшиглэн 30 тонн тэжээл, 27 тонн өвс нөөцлөөд байна. 

-Сумын Засаг даргын хувьд малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарын хөгжилд ахиц гаргах бодлого төлөвлөгөөг боловсруулсан байх. Онцлог ажлаасаа товч танилцуулбал?

-Дэлгэр сумын эдийн засгийн гол үндэс нь мал сүрэг. Үйлдвэрлэл сул хөгжсөн, багахан талбайд газар тариалан эрхэлдэг бүс нутаг. Манай суманд услалтын хоёр систем байдаг. Дагналтайн голын 70 га талбайд жижиг услалтын систем, Гуулинд 1980 га талбайд том услалтын систем бий. Эдгээр услалтын системийг төдийлөн ашигладаггүй. Аймгийн тухайд жил бүр малын тэжээлээ худалдаж авдаг. Өнөө жилээс дээрх тариалангийн талбай, услалтын системийг түшиглэн Засгийн газрын болоод аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд малын тэжээл тариалахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дагналтайн голын талбайд орон нутгийн нөөц боломжийг ашиглан суваг шуудуу татах малчдын бүлэг байгуулна. Энэ ажлын хүрээнд “Дэлхийн Зөн” ОНХХ-өөс цөөн малтай малчдыг хамруулсан бүлэг байгуулан, тэднийг сургалтад хамруулж, үр бордоо, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Түүнчлэн Гуулингийн тариалангийн талбайд малын тэжээл тариалах төлөвлөгөөний дагуу ОНХС болон Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийнэ. Ирэх жил анхны ургацаа хураан Гуулин, Дагналтайн талбайгаас Говь-Алтай аймгийнхаа малын тэжээлийн хэрэгцээг хангана. 

-Хэчнээн хэмжээний тэжээл хураан авах урьдчилан тооцоолол гаргаад байна?

-Энэ жил туршилтын журмаар Дагнайлтад 5-10 га-д, Гуулинд 50-100 га-д тариалахаар төлөвлөсөн. Үр дүнг нь харж байгаад жил бүр талбайн хэмжээгээ нэмэгдүүлнэ. Энэхүү ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас ХААИС болон газар тариалангийн салбарын эрдэмтдээс бүрдсэн Газар тариалангийн зөвлөх үйлчилгээний багийг урин газар дээр нь очиж нөхцөл байдлыг танилцуулсан. Эрдэмтийн баг ерөнхий суурь судалгаагаа хийсэн, судалгааг үндэслэн бидэнд тариалалтын чиглэл зөвлөмж өгч хамтран ажиллах юм. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Холбоотой мэдээ