ХЭҮК-оос Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-14 14:16:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлжээ.


Энэ сарын 13-нд хүргүүлсэн уг зөвлөмжид эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах шаардлагатай гэдгийг дурдсан байна. Мөн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилахыг зөвлөмж болгожээ.


Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчих тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөжээ.


Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлахгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс Зөвлөмждөө тусгажээ.

Холбоотой мэдээ