Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/108 тоот захирамжийг танилцуулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 16:13:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 91, Улсын Онцгой комиссын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/108 тоот захирамж гарлаа. Энэхүү захирамжаар:

-Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл нийслэл, бусад аймаг болон сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, сум доторх зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах байгууллагуудын жагсаалтыг баталж, энэ хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлсийг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

-Халдварын тохиолдол бүртгэгдээгүй сумд нутаг дэвсгэртээ Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, шинжилгээ, дархлаажуулалтад хамрагдахад зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

-Оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул тус үйл ажиллагаанд оролцохоор ирэх, явах иргэн нэг бүрээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авах, энэ талаар иргэдэд зөвлөмж, анхааруулга өгч, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

-Төрийн байгууллагуудыг 30 хүртэл хувиар ажлын байранд ажиллуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, “QR” код байршуулан ажилтан, албан хаагч, үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийг хөтөлж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол зохион байгуулахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

-Худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэж буй байдалд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

-Үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудын ариутгал, халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын дэглэмийг сахиж буй байдалд байнгын хяналт тавьж, мэргэшил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр ханган, тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга нарт даалгалаа. 

Холбоотой мэдээ