АНУ, Сингапур агаарын тээврийн харилцаагаа сэргээх боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-09 14:46:02

СИНГАПУР. /TASS/. АНУ, Сингапур агаарын тээврийн харилцаагаа аюулгүйгээр сэргээх боломжийг судалж байна.


Энэ тухай хоёр улсын тээврийн сайд нарын хийсэн яриа хэлэлцээний дараах хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Талууд нягт хамтын ажиллагаан дээр тулгуурлан тээврийн салбарт харилцаа холбоогоо бэхжүүлэх, гүнзгийрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, цар тахлын нөхцөлд хийгээд цар тахал дууссаны дараа олон улсын нислэгүүдээ аюулгүйгээр сэргээх, түүнчлэн цахим болон бусад хэлбэрээр гаргасан вакцинжуулалтын гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, ашиглах боломжийг судалж байна” хэмээн баримт бичигт цохон тэмдэглэв.


Үүнээс гадна тээврийн аюулгүй байдлын асуудлаар цаашид хамтран ажиллаж, хотын тээвэр, ухаалаг тээврийн системийн салбарт ололт амжилтаасаа хуваалцах, туршлага солилцоог өргөжүүлэх, дижитал технологийг хөгжүүлэх боломжийг судлахаар хоёр улсын тээврийн сайд нар тохиролцжээ.


Коронавирусний шинжилгээний талаарх мэдээллийг агуулсан Олон улсын агаарын тээврийн холбооны дижитал хавсралтыг ашиглахыг зөвшөөрснөө Сингапурын эрх баригчид 4 дүгээр сарын 5-нд мэдэгдсэн байна. Ингэснээр Сингапурыг зорих иргэд 5 дугаар сарын 1-наас нислэгт бүртгүүлэх, паспортын хяналт шалгалтаар орохдоо тус хавсралт дээрх мэдээллээ үзүүлэх боломжтой аж. 

Холбоотой мэдээ