Мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжинэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-07 23:32:17

Хэнтий /МОНЦАМЭ/  Хэнтий аймагт “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхлэх гэж буйг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат танилцууллаа.

Тус хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал салбарууд дахь дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, чадавхжуулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх” журмыг боловсруулах ажлын багийг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулан салбар салбарын төлөөлөл 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тус ажлын баг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр журмаа боловсруулжээ.

Журмын хүрээнд аймгийн байнгын оршин суугч, орон нутагтаа сүүлийн 5 жилээс дээш үр бүтээлтэй ажилласан иргэн, төрийн албан хаагч /сахилгын шийтгэл аваагүй байх/, оюутнуудыг /голч дүн 2,8 болон түүнээс дээш байх/, хөтөлбөрт хамруулах аж.

Тухайлбал, журмын хүрээнд- Орон нутагт шаардлагатай болон дутагдалтай мэргэжлээр дотоодын их дээд сургуулийн 3, 4 дүгээр курсэд суралцаж байгаа оюутнуудад тусгайлсан гэрээний үндсэн тэтгэлэг олгох,

- Орон нутагт дутагдалтай мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжил олгох коллежид хөрвөж мэргэжил эзэмших, мэргэших иргэн, ААН, байгууллагын ажилтан, төрийн албан хаагчдыг захиалгат сургалтад хамруулах,

- ААН, байгууллага, төрийн албан хаагчдыг богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд тэтгэлэг олгох,

- Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг шаардлагуудыг тавьжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтийг орон нутгийн төсөв, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын санхүүжилт, бусад эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэлээ.

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Зөгийн үүр” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болох бөгөөд, иргэдийн бүртгэлийг нээлттэйгээр зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ