Орон сууцны бохир усны гадна худгийн цэвэрлэгээ, ариутгал хийлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-04-07 11:10:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан хотын хэмжээнд буй нийтийн эзэмшлийн орон сууц хорооллын бохир усны гадна худгийн цэвэрлэгээг хийлээ. Нийтдээ 244 байр орон сууц, барилга байгууламжийн буюу 13.700 гаруй айл өрхийн бохир уснаас хамааралтай гадна худгийг ариутган цэвэрлэсэн аж. Уг ажлыг “Дархан-Ус суваг” ХК хийж гүйцэтгэжээ.

Иргэд хүүхдийн памперс, шалны алчуур, ариун цэврийн хэрэглэл гэх зэрэг бохироор урсгах ёсгүй зүйлсийг урсгаснаар бохирын шугам хоолойд бөглөрөл үүсгэдэг аж. Ингэснээр худгаас бохир хальж урсах, цаашлаад гэмтэл бий болоход ч нөлөөлдөг гэж "Дархан-Ус суваг" ХК-ийн орон сууц, хэрэглэгчийн албаны дарга Г.Алтаншагай онцоллоо.

Тус компани жилд хоёр удаа нэгдсэн байдлаар гадна худгийн цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн худгийн бохир хальж гадагш урсах тохиолдлууд олон гардаг аж.

Тиймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс иргэд, айл өрхийн хэрэглэгчдэд бохирын хоолойгоор хог хаягдал урсгахгүй байх, гадна худгийн тагийг авахгүй байхыг уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ