Сөүл 2032 оны Олимпыг Пёньянтай хамтран зохион байгуулах хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-04-02 10:03:41

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа 2032 оны зуны Олимпыг БНАСАУ-ын нийслэл Пёньян хоттой хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ хүргүүлснээ пүрэв гарагт мэдэгдлээ.


“ОУОХ-ны холбогдох комисст 2032 оны Олимпыг Сөүл, Пёньян хамтран зохион байгуулах хүсэлтийг бичгээр хүргүүллээ” гэж Сөүлийн засаг захиргаа мэдээлжээ.


ОУОХ энэ оны хоёрдугаар сарын 25-нд Австралийн Брисбен хотыг 2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор нэрлэсэн юм. Харин БНСУ-ын Засгийн газар болон Сөүлийн засаг захиргаа уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргах талаар ОУОХ-той зөвлөлдсөн байна.


2032 оны Олимпыг зохион байгуулах хотоор Брисбенийг сонгох шийдвэр хараахан эцэслэн гараагүй байгаа тул бусад хотуудтай үргэлжлүүлэн зөвлөлдөхийг Засгийн газар ОУОХ-ноос хүсжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 2019 оны есдүгээр сард байгуулсан Пёньяны хамтарсан тунхаглалдаа 2032 оны Олимпыг хамтран зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ