Цар тахлын дараа томоохон төслүүдийг дэмжих шаардлага тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-05 09:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварын цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар явж ирсэн, юунд анхаарах талаар Үндэсний стратегийн хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Мөнхсоёлоос тодрууллаа. 

 

-"COVID-19"-ийн цар тахал бидэнд болон улс оронд юуг ойлгуулж, ямар сургамж өглөө гэж эдийн засагч хүний хувьд үзэж байна вэ?

-Дэлхий дахиныг хамарсан цар тахал хүн төрөлхтөнд нэлээн их зүйлийг ойлгуулж байна. Хүн нийгмийн эд эс гэдэг утгаараа бие биенээсээ ихээхэн хамааралтай. Олон нийтийн хөдөлгөөн байхгүй бол бизнесийн үйл ажиллагаа орлого, ашиг олно гэж ярихад хүнд. Улмаар энэ байдал нь мөн улсын төсөвт дарамт учруулж эргээд төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл үүсгэнэ гэдгийг  бодит байдал дээр харж ойлгосон, сургамжтай үйл явц болж байна. 

“Be ready for rainy day" буюу бороотой өдөрт бэлэн бай гэсэн сургамжит үг байдаг. Энэ утгаар манай улс нийгэм-эдийн засгийн хувьд гэнэтийн эрсдэлд бэлэн байх чадвар тун муу байсаар ирсэн. Төсвийн тогтвортой байдлын, Ирээдүйн өв гэх сангууд үүсгэсэн  боловч төлөвлөсөн хэмжээнд хуримтлал бий болгоогүй, төсвийн алдагдал их явж ирсэн. Мөн Засгийн газрын өр их байгаа зэрэг нөхцөл байдал нь ийм цар тахлын үед иргэд, ААН-үүдээ дорвитой дэмжих бэлэн боломж олгохгүй байна л даа. 

Түүнээс гадна төсвийн өгөөжтэй, оновчтой бодлого хэрэгжүүлэх, халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгтээ зарцуулах, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулах гэх мэтээр төсвийн сахилга баттай байх нь тун чухал болохыг ойлгуулсан үйл явдал болсон гэж үзэж байна. 


Засгийн газрын 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, үнэлгээ хийх аргаар хэрэгжилтийн бодит, ач холбогдолтой байдлыг хангах хэрэгтэй байна. 


Тухайлбал, ҮСХ-ны тайлангаас харахад бага буюу 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогод тэтгэвэр, тэтгэмжийн орлого 62.7 хувийг эзэлж байгаа бол сарын орлого нь 1.6 сая төгрөгөөс дээш өрхүүдийн хувьд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.6 хувийг эзэлж байна. Өрхүүдийн орлогын бүлэглэлээс үл хамааран нэг өрхөд ногдож буй тэтгэвэр, тэтгэмжийн орлого ойролцоо байгаа нь нийт өрх их, бага орлоготой байхаас үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийг тэгш хүртэж байгааг нотолж байна. 


-Цар тахлын дараа юуг яаж шийдэж болохоор байна вэ?

-Хамгийн түрүүнд хийж болох ажлын нэг бол төсвийн шинэчлэл буюу төсвийн сахилга бат, оновчтой төсөвлөлтийг бий болгох явдал юм. Төсвийн үйл явц, төсвийн бүтэц, ангиллыг эргэж харахаас гадна улсын төсөвт маш их дарамт учруулж буй хавтгайруулсан халамжийг хумих нь чухал алхам болно. 

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгох бодлогыг хэрэгжүүлэх, үүний тулд бизнесийн орчныг сайжруулах, томоохон төслүүдийг дэмжих шаардлага тулгарч байна. Иргэд орлоготой байх нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх, улмаар бизнес, эдийн засгийг үйл ажиллагааг тэлэх, халаах суурь нөхцөл болно.

Засгийн газраас сүүлд зарласан 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, үнэлгээ хийх замаар хэрэгжилтийн бодит, ач холбогдолтой байдлыг хангахгүй бол эргээд зах зээлдээ гажуудал үүсгэвэл үр дүн  нь сөрөг байх юм.


Холбоотой мэдээ