Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-01 09:38:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинэ оношлуурын нээлт АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд өнөөдөр болов.


Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, “Манай хамт олон “COVID-19”-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байна. Эмнэлзүйн молекул оношилгооны чиглэлд анхаарч 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан. Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори бөгөөд вирусний гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох юм. Стандарт шаардлагын хувьд Монголд анхны лаборатори” хэмээн онцлов.


Мөн тэрбээр, БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргаж эрдэмтдийн судалгаагаар мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувьтай оношлуурыг бэлэн болгосноор шүлснээс коронавирус тодорхойлдог аргачлалыг Монгол Улсад ийнхүү нэвтрүүлж байна. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд УОК-оос 109 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор зөвшөөрөл олгож, таван удаагийн шалгуур дамжсаны эцэст өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлж байна” гэв.


БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Хүн төрөлхтний өмнө өнөөдөр тулгамдаж буй аюулт цар тахлыг даван туулах том сорилт ирсэн энэ цаг үед дэлхийн улс орнууд өөрсдийн өрсөлдөх чадвар, мэдлэг, технологиор иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээхээр өрсөлдөж байна. Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн өмнө том сорилт ирсэн цаг үе байлаа. Монгол Улс бусад улстай харьцуулбал удаан хугацаанд коронавируст халдваргүй байж чадсан улсын нэг болсон. Мөн COVID-19 халдвартай иргэдийг түргэн хугацаанд, зардал багатай эмчилж чадсан улсуудын нэг болсон. Түүнчлэн олон хүний сэтгэл зүтгэлээр бид 300 мянга гаруй иргэдээ вакцинжуулсан нь Азидаа Сингапурын дараа хоёрт эрэмбэлэгдэж байна. Энэхүү оношлуур бол олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац, технологийн нээлт юм. Тиймээс Монгол Улсад хөгжсөн анагаахын шинжлэх ухаан бол дэлхийн бусад эрдэмтдийн түвшинд хүрч хөгжсөн салбар юм гэдгээр бахархаж байна. Тиймээс үндэсний шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдад итгэх цаг болсон” хэмээв.

Энэхүү оношлуур нь COVID-19” халдварыг  оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино бөгөөд  зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай юм.







Холбоотой мэдээ