Дахин төлөвлөлтөөр 108 айлын орон сууц ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9, 10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулав
Энд эхний ээлжинд газраа чөлөөлсөн 44 айл орон сууцандаа оров. Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын мэдээллээр одоогоор 37 газрын хэсэгчилсэн талбайд төслийг хэрэгжүүлж байна. Энд иргэд орон сууцны 6 хувийн зээлд хамрагдах боломжтой, нээлттэй аж.
Цаашид төслийн хүрээнд 12 блок, 640 айлын орон сууц, оффис болон үйлчилгээний барилга, 200 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, 300 метр автозам, инженерийн шугам сүлжээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан цогцолбор барихаар ажиллаж байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн 7 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг “Пример инвестмент групп” ХХК хэрэгжүүлж байна.