“Virgin Galactic” сансрын шинэ хөлгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-03-31 15:50:26

ЛОНДОН. /Sky News/. Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “Spaceship III” сансрын нисэх онгоцныхоо шинэ загвар “VSS Imagine”-ийг танилцууллаа.


Сансарт богино аялал хийхэд зориулагдсан уг хөлөг өмнөх загваруудаасаас ялгаатай нь толин тусгал материалаар бүрэн бүрсэн нь "гоо зүйн таашаал" өгөхөөс гадна хэт халалтаас хамгаалах гэнэ.


Үүнээс гадна, боломжит "нислэгийн давтамж", техникийн засвар үйлчилгээний хувьд илүү дэвшилтэт болсныг тус компанийн төлөөлөгчид онцолжээ.


“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгүүдээ 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар газар дээрх туршилтыг явуулж байгаа бөгөөд туршилтын эхний нислэгийг энэ зун хийх аж.


“VSS Imagine”-ийг Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас “Scaled Composites White Knight Two” нисэх онгоц зөөгчөөр 13-15 км-ийн өндөрт хөөргөх бөгөөд дараа нь уг хөлөг бие даан газардах ёстой байна.


“Virgin Galactic” компани сансрын аялал жуулчлалд зориулсан нисэх онгоц бүтээдэг билээ. Тус компани сансрын хөлгүүдээ 2000-аад оны эхэн үеэс туршиж эхэлсэн. Тодруулбал, “SpaceShipOne” хөлгийнх нь анхны загвар 2003 онд анхны нислэгээ хийж байв. 2010 онд “VSS Enterprise” гэж нэрлэсэн сансрын хөлөг нь анх удаа хөөрсөн юм. Гэсэн хэдий ч 2014 онд туршилтын нислэгийн үеэр осолджээ.


Ирээдүйд тус компани үйлчлүүлэгчдэдээ дэлхий орчмын тойрог замын аяллыг санал болгохоор төлөвлөж байна.


Түүнчлэн 2022 он гэхэд “Blue Origin” компанитай хамтран задгай сансар дахь анхны зочид буудал болох “Аврора” станц руу хүмүүсийг хүргэхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ