Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийн менежментийг сайжруулах төсөл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ-ны хооронд "Монгол орны орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь" төслийн барим бичигт өчигдөр гарын үсэг зурав.
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орон нутгийн нэг сая гаруй иргэдэд дэмжлэг үзүүлэх дээрх төслийг Уур амьсгалын "Ногоон сан"-гийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. Тодруулбал, Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар 4 аймгийн нийт 68 сумыг хамран 7 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн Монгол Улсын Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжих юм.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орны нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1С-аар нэмэгджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем төдийгүй ХАА, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбарт сөргөөр нөлөөлсөөр байна. Энэ нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авах хэрэгцээтэй байгааг илтгэж байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан мэдээнд дурджээ.