Ж.Ганбаатар: Санхүүгийн зах зээлд банкны оролцоо 90 хувь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-29 18:55:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай өнөөдөр танилцлаа.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцууллаа. Цар тахлын нөхцөл байдлын үед санхүүгийн зах зээл эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх хэд хэдэн ажил хэрэгжүүлээд байгааг танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд төлбөр тооцооны Т+2 системийг нэвтрүүлснээр дотоод болон гадаадын бирж хооронд үнэт цаас хөрвөх боломжтой болсон. Олон жил яригдсан биржийн бус зах зээлийн зохицуулалтыг бий болгож, санхүүжилт босгох таатай нөхцөлийг бүрдүүлснээр зах зээлийн үнэлгээ анх удаа 3 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж санхүүгийн хэрэгсэл болгосон гэлээ.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Мөн зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг сайжруулж уялдаа холбоог анхаарах, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуудал гарсны дараа биш асуудал үүсэхээс өмнө хяналтаа тавих хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим шилжилтийг шуурхайлах, хяналт шалгалтаас гадна салбарынхныгаа дэмждэг бодлого дутагдаж байгааг шүүмжилж байлаа.


Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, "Иргэд зөвхөн мөнгөө хадгалуулдаг эсвэл зээл авдаг биш арилжаанд оролцдог, хувьцаа авдаг, үр өгөөжөө авдаг байх ёстой. Хууль эрхзүйн хувьд хангалттай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд банкны оролцоо 90 хувь байна. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж, даатгалын салбар үүнд чиглэж ажиллах хэрэгтэй" гэлээ.


Мөн тэрбээр салбарын хууль, эрх зүйг өөрчлөх, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн хөгжлийн оновчтой бодлого явуулахад байнгын хороо хамтран ажиллахад бэлэн хэмээв.

Холбоотой мэдээ