С.Энхболд: Эдгэрсэн иргэн гурван сарын дотор шинжилгээ өгч болохгүй гэсэн заавар байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, коронавирусний халдвар илэрсэн хэд хэдэн аймагт энэ сарын 28-наас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийш Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Коронавирусний халдварын тоог бууруулах төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Шадар сайд С.Амарсайхан: Нэгдүгээрт, ЭМЯ, ХӨСҮТ-ийн урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах тандалт, судалгааны баг ажиллаж байгаа. Энэ багийг өргөтгөж, нарийн зохион байгуулалтад оруулах ажил өрнөж байгаа. Хоёрдугаарт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг аж ахуйн нэгж, орон сууц, олон нийтийн талбайд хийх ажлыг зохион байгуулах ёстой. Гуравдугаарт, хүн бүрийн мэдвэл зохих ёстой зөвлөмжийг хүргэнэ. Дөрөвдүгээрт, тусгаарлах байр болон тусгаарлагдаж байгаа иргэдийг эрсдэл үүсгэхгүй байхаар зохион байгуулж байгаа. Мөн нийслэл, дүүрэг, хороо гээд шат шатанд нь зохион байгуулалтад оруулаад, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн олон нийтийг идэвхийг нэмэх ажил хийнэ. Олон нийт идэвхтэй оролцоод, СӨХ хүртэл зохион байгуулалтад орвол халдвараас бүрэн сэргийлэх боломж байна гэж үзэж байгаа.
-Онцын шаардлагагүй бол PCR шинжилгээ битгий өг, нөөц үр ашиггүй үрэхээс гадны эрүүл мэндийн салбарын хүний нөөц туйлдаж байна гэж ХӨСҮТ-ийн захирал хэлсэн. Тэгэхээр хүний нөөцөө нэмэх ямар бодлого барих вэ?
-ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Онцын шаардлагагүй бол 72 цагийн PCR шинжилгээ битгий хийлгээрээ гэж би олон нийтэд уриалга болгож хэлсэн. Үүнийг хүн болгон өөр өөрийн нөхцөл байдалдаа хүлээн авч, тал бүрээс нь дүгнэж байх шиг байна. Өдөр бүр PCR шинжилгээ өгч байсан тохиолдол ч бий. Нөгөө талаас халдвар хамгааллын дэглэмээ бариад, хүн хоорондын зайгаа барьсан тохиолдолд халдвартай хүнтэй уулзсан, хуралд суусан ч халдвар аваагүй тохиолдол байна. Тиймээс шинжилгээнд найдаж, халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байх вий гэдэг үүднээс гаргасан анхааруулга гэдгийг хэлмээр байна. Хүний нөөцтэй холбогдуулан орон нутгаас 14 тандалтын баг авч ажиллаж байгаа. Энэ баг өдөрт 200 тохиолдол бүртгэгдэж байхад энэ баг хүрэлцэж байсан. Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. ХӨСҮТ-ийн ажилтнууд сүүлийн 1.3 жил сэтгэл санааны болон ажлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Эмчилгээнд 14 хоног ажиллана. Эмчилгээнээс гараад 14 хоног тусгаарлагдана. Энэ бол хүний нөөцийг сэтгэл санааны хувьд туйлдуулж байна.
-Халдвар аваад эдгэрсэн иргэдийг гурван сарын дотор дахин шинжилгээ хийлгэхгүй байх зөвлөгөө өгсөн тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд шинжилгээ өгвөл эерэг гарна гэсэн. Тэгэхээр эдгээд гарсан хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага гарвал яах вэ. Эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд заавал шинжилгээний хариу шаардаж байгаа?
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гурван сарын дотор шинжилгээ өгч болохгүй гэж албан бичгээр гарсан заавар, дүрэм журам байхгүй. Тухайн иргэн 14 хоногийн дараа ч, нэг сарын дараа ч шинжилгээ өгч болно.
-Тусгаарлах байруудад ямар хяналт шалгалт хийж байна вэ?
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Тусгаарлах байруудад ажлын баг, мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түр байрнаас 116 тохиолдол бүртгэгдсэн. Энэ байранд нэг өрөөнд 8 хүн байдаг бөгөөд агааржуулалт муу байдаг тул олон бүртгэгдсэн.