"Сүүн цагаан хурим" гэрэлт хөшөө босов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМГэрлэх ёслолын ордон үүсэн байгуулагдсаны 40 жилийн баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр УДБЭТ-т боллоо.
Тус ордны захирал С.Үүрийнтуяа хурлыг нээж хэлэхдээ, “Монголын өсвөр үе залуучуудын сайн сайхны төлөө боссон манай ордныг барьж байгуулах ажилд сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан А.И. Цэдэнбал Филатова, МХЗЭ-ийн Төв хороо, Ардын зураач, Төрийн шагналт Д.Амгалан, сийлбэрч Х.Чуваамид, зураач А.Сэнгэцохио, Балдандорж, Цагаан өвгөн, Пунцаг нарын алдартай уран бүтээлчид, ордны анхны тулгын чулууг тавилцсан дарга Д.Дашдэндэв нартаа баярлаж явдгаа илэрхийлье” гэв.
Мөн тэрбээр ойн хүрээнд өнөөдөр “Сүүн цагаан хурим” гэрэлт хөшөөг босголоо. Олон улсын гэр бүлийн өдрөөр 40 настай, 4 хүүхэдтэй, Гэрлэх ёслолын ордонтой нас чацуу хосуудын хуримын ёслол болов. ХХЕГ-ын хосууд энэхүү бэлэгт сайн өдөр 4 зүгээс ирж гал голомтоо бадраасан.Хилийн алба хаагчид нүд цавчих завгүй ажилладаг болохоор гэр бүлийг нь баярлуулахаар хуримын ёслол зохион байгуулсан хэмээн тус ордныхон хэлж байв.
Ойн баярынхаа өдөр ордны ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм. НЗД-ын шагналаар ахмад ажилтан н.Шинэхүү, н.Даваажав, захиргаа аж ахуйн менежер Ж.Цэцэгдарь, НИТХ-ын шагнал “Хүндэт тэмдэг”-ээр зурагчин Д.Хүрэлбаатар, зураглаач А.Намхайноров нарыг шагнаж урамшуулсан бол Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын шагнал “Шилдэг залуу” алтан медалиар Б.Болор-Эрдэнэ, Б.Батцэцэг, С.Энхзаяа нар энгэрээ мялаасан юм. Мөн ЗТЯ-ны Хүндэт жуух бичгээр тус ордны захирал С.Үүрийнтуяа, жолооч С.Мянганбаяр, нягтлан бодогч Ж.Жаргал нарыг шагнав.
МЗХ-ны “Залуу зүтгэлтэн” цол тэмдгээр Д.Түвшинбаяр, “Тэргүүний залуу” алтан медалиар Д.Мөнхбаяр, “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар Н.Нарантунгалаг нар тус тус шагнуулсан.
Гэрлэх ёслолын ордны “Хүндэт өргөмжлөл”-ийг ахмад ажилтан Ч.Нацагмаа, Д.Нямдагаа, Ц.Дэжидмаа, С.Чулуунсүрэн, И.Алтангэрэл, Б.Баттулга нарт гардууллаа.
Ёслолын ажиллагааны төгсгөлд “Сүүн өргөө-40” жил баримтат кино толилуулсан юм.
Дашрамд дурдахад, Гэрлэх ёслолын ордон 1976 оноос өнөөг хүртэл нийт 35 мянга гаруй хосын гал голомтыг бадраасан хосуудын их өргөө болжээ. Мөн тэдний гэр бүл, найз нөхөд, хамт олон нийт 3 сая хүнд үйлчилсэн тоо баримт бий.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр