Доноруудын өдрийг “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-14 17:24:06

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Цусны Донорын Дэлхийн Өдөр”-ийг “Цус амьдралын амин холбоо” гэсэн сэдэв дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр цусны донор, өвчтний хооронд үүсэх амин холбоонд ач холбогдол өгөх, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан донорт талархал илэрхийлэх зэрэгт анхаарал хандуулж байна.

Энэ жилийн дэлхийн донорын өдрийг “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриан дор сайн дураараа авлагагүйгээр бусдын сайн сайхны төлөө цусаа бэлэглэж байгаа хүмүүсийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Аймгийн хэмжээнд нийт 747 донортой бөгөөд үүний 492 донор нь Чингис хотод амьдардаг ба 35-аас дээш удаа цусаа бэлэглэж, 100 гаруй хүний амь насыг аварсан Хүндэт донор 58 хүн байдаг аж.

Аймгийн Эрүүл мэндийн газраас донорын цус сэлбүүлж амь нас нь аврагдсан хүмүүсийн тухай бусдад таниулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх, тэднийг тогтмол хугацаанд цусаа бэлэглэхийг дэмжин ажиллахыг зорилгоо болгож ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ