“100 жилийн турш хамтдаа” буухиаг Барнаул хотод шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-25 18:23:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-тэй хамтран “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын буухиаг өнгөрсөн сард эхлүүлсэн билээ.


Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг буухианы ээлжит цахим уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 14.00 цагт боллоо. Уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, нар оролцов.


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим буухиа уулзалтад оролцогчдод хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд баяр хүргэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс орнуудаас 100 жил болж буй анхны улс гэдгийг онцлов. 


Уулзалтын төгсгөлд дараагийн буухиаг ОХУ-ын Алтайн хязгаарын төв Барнаул хотод шилжүүлэв. Найрамдлын буухиа ОХУ-ын Барнаул хотоор үргэлжлэн Горно-Алтайск–Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста гэсэн зургаан хот, Улаанбаатарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 28 хүртэл үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ