“Poland Open” тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-14 10:38:09

Польш улсын Спала хотноо энэ сарын 17-18-нд эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын ХХ тэмцээнд манай бөхчүүд оролцоно.

Итали улсын Сасари хотод болсон “Memorial Matteo Pellicone” олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон манай бөхчүүд тэнд хамтарсан бэлтгэл хийсэн юм. Одоо Польшийн эмэгтэй үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна.

Энэ удаагийн “Poland Open” тэмцээнд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд  ОУХМ Э.Гантуяа, П.Орхон, Б.Шоовдор нар 58 кг-д, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар барилдана.

Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар оролцож байна.

Эхний өдөр 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр 53, 58, 63, 75 кг жингүүдийн барилдаан болно. Өнгөрсөн жилийн тэмцээнээс О.Насанбурмаа, Б.Шоовдор нар алтан медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ