Д.Банзрагч: Завханд 84 ойн нөхөрлөл ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 21 "Олон улсын ойн өдөр". Монгол орны ойн сан нь дэлхийн экосистемийн
нэн чухал хэсэг бөгөөд олон зүйлийн амьтан, жигүүртэн шувуудын амьдрах орчин
болдог. Алдаж боломгүй үнэ цэнтэй ой модоо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг орон
нутагт ямар түвшинд хийдэг талаарх мэдээллийг Завхан аймгийн Байгаль орчин
аялал жуулчлалын газрын дэргэдэх Ойн албаны дарга Д.Банзрагчаас авлаа.
-Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг
дэлхийн ойн өдөр болгон тунхаглан зарласан байдаг. Энэ жилийг ямар уриатай
тэмдэглэн өнгөрүүлж байгаа вэ?
-НҮБ-ын Ерөнхий
Ассамблейгаас дэлхийн улс орнууд ой хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх, бүх нийтээрээ мод тарих, арчлахад уриалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын
21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тунхагласан байдаг. Жил бүр өөр өөр
уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тухайлбал 2014 онд “Миний ой, бидний
ирээдүй”, 2015 онд “Ой-Уур амьсгал-Өөрчлөлт”, 2016 онд “Ой ба Ус”, 2017 онд “Ой
ба энерги”, 2018 онд “Ой ба тогтвортой хотууд”, 2019 онд “Ой ба боловсрол”, 2020
онд “Ой ба биологийн олон янз байдал, алдаж боломгүй үнэ цэнтэй уриатай
тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Харин энэ жил “Ой ба амьжиргаа-Хүн төрөлхтөн, эх
дэлхийн тогтвортой байдал уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн хуурай газрын 31 хувь, Монгол Улсын
газрын нэгдмэл сангийн 9.2 хувь, Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн
116,893 га буюу 1.06 хувийг заган ой эзэлдэг.
Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг
бүрдүүлж, дулаарал, элсний нүүдлийг сааруулж, хөрс, усыг тогтворжуулж, ургамал,
амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх экосистемийн чухал ач холбогдолтой байгалийн
хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Өнөөдөр ойн хомсдолын 90 хувь нь хүний
буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Ой мод, байгаль орчноо хамгаалах,
олон нийтэд ойлгуулж, мэдлэг олгох нь ирээдүй хойч үедээ үлдээж буй байгалийн
үнэт өв юм. Тиймээс энэ өдөр ойг арчлан хамгаалах, тордох үйл ажиллагааг нийтэд
сурталчлах нь чухал юм.
-Завхан аймагт Монгол орны ойн хэчнээн хувь
нь байдаг вэ?
-Монгол улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, Үүнээс Завхан аймгийн ойн сан 732035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар нь 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээрээ Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа орно.
-Завхан аймаг ойжуулалт, ойн нөхөн
сэргээлтийн ажлыг хэр зэрэг хийсэн бэ?
-Жил
бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг.
Өнгөрсөн жил гэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 28 га, улсын төсвийн
хөрөнгөөр 80 га, ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр 64.8 га нийт
172.8 га талбайд ойжуулалтын ажлыг хийсэн байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр
200 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил, улсын төсвийн хөрөнгөөр
10 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг хийжээ. Ойжуулалтын ажлыг дэлгэрэнгүй
хэлбэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ойжуулалт гэхэд Идэр сумын
Мануустай багийн нутаг Ямаатын эх, Сонгинот эрэг нэртэй газарт, "Отгон баян уул" ХХК 28 га талбайд ойжуулалтын ажил хийж 85 хувийн амьдралттай хүлээлгэж өгсөн
байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг
Тэгшийн эх нэртэй газарт "Хавчигийн ногоон мод" ХХК 30 га талбайд ойжуулалтын ажлыг
хийж 95 хувийн амьдралттай байна. Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын эх
Сонгинот эрэг нэртэй газарт "Шилмүүст хангай" ХХК 30 га талбайд ойжуулалтын ажлыг
гүйцэтгэж 90 хувийн амьдралттай. Яруу сумын Жаргалант багийн нутаг Индэрт
нэртэй газарт "Шинэ шугуй" БГБХН 20 га талбайд ойжуулалтын ажлыг хийж 95 хувийн
амьдралттай тус бүр хүлээлгэж өгсөн байна.
Харин Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын
амны доод үзүүр Цахирын дэнж нэртэй газарт 8 га талбайд, Тосонцэнгэл сумын
Рашаант багийн нутаг Тэгшийн эх Цахирын ар нэртэй газарт 43.3 га талбайд. Тосонцэнгэл
сумын Баян-Улаан багийн Урд шивэртэйн эх нэртэй газарт 13.5 га талбай нийт 64.8
га талбайд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг 19 ойн мэргэжлийн байгууллага хамтран
өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг хийж, 80 хувийн амьдралттай хүлээлгэж өгсөн
байна.
-Байгалийн
сэргэн ургалтад туслах ажлыг мөн ойн нөхөрлөлүүд хийдэг гэсэн?
-Тийм ээ. Тухайлбал Тосонцэнгэл сумын
Баян-Улаан багийн нутаг Дугариг цагдуулт нэртэй газрыг "Ойн их хишиг" ХХК 50 га,
Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн голын эх нэртэй газар "Мод модлог
ургамлын үржүүлэг" ХХК 50 га газрын байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийж,
хангалттай үнэлгээтэй аймгийн БОАЖГ-т хүлээлгэж өгсөн. Мөн Идэр сумын Мануустай
багийн нутаг Ямаатын голын эх нэртэй газар, "Баян тэгш баяжих" ХХК 50 га,
Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг Улаан хаалганы ам нэртэй газарт "Мөнх
ногоон ой" ХХК 50 га, нийт 200 га талбай байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг
хийж хангалттай үнэлгээтэй хүлээлгэж
өгсөн байгаа.
-Өнгөрсөн
жил ойн зурвасыг хэчнээн га-д байгуулав. Аймгийн Мод үржүүлгийн газрын модны
ургалт хэр зэрэг байдаг вэ? Арчилгаа тордлогыг хаанаас хийдэг юм бол?
-Отгон сумын Буянт багийн нутаг Буянт
голын сав дагуу "Отгон баян уул" ХХК 5 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг
хийсэн байна. Энэхүү зурвасыг 93 хувийн амьдралттай хүлээн авсан байна. Мөн Тэлмэн
сумын Баян тэгш багийн нутаг Тэгшийн голын сав дагуу "Мөнх ногоон ой" ХХК 5 га
талбайд ойн зурвас байгуулах ажлыг хийж, 83 хувийн амьдралттай тус тус
хүлээлгэж өгсөн. Эдгээр ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэлийг
аймгийн Засаг даргын 2019 оны А/280 дугаар захирамжаар байгуулсан ажлын
хэсэг хүлээн авсан.
Мод үржүүлгийн тухайд Улиастай сумын Богдын гол багт 2019 онд “Ногоон паспорт-Ногоон төгөл” нэртэй үржүүлгийн газрыг 3,5 га талбайд байгуулсан. Энэ төгөлд хавар, намар нөхөн тарилт хийж усалгаа арчилгааг тогтмол явуулснаар 600 ширхэг мод 100 хувийн амьдралттай ургаж байна. Мөн аймгийн мод үржүүлгийн газарт 10000 ширхэг улиас, бургасны модожсон мөчрийг өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 15-20-ны өдрүүдэд бэлтгэсэн.
Мөчир тарих 0.5 га талбайн хөрсийг трактораар 30-35 см гүн
хагалж борнойдон хамарлаж тавдугаар сард мөчир тарих ажлыг хийсэн. Харин
усалгаа арчилгааг БОАЖГ-аас болон ойн нөхөрлөл, сайн дурын иргэд хамтран долоо
хоногт нэг удаа тогтмол хийж, хог ургамлыг түүж, хөрсийг сийрүүлэн ажилласнаар
өнөөдөр модны ургалт, амьдралт маш сайн байна. Мөн намар 10 дугаар сард цэнэг
усалгааг хийж өвөлжилтөд бэлдсэн. Түүнчлэн Мод үржүүлгийн газрын суларч унасан,
тасарсан шонгийн мод, өргөстэй торыг сэлбэж засах ажлыг жил бүр хийж, хайс
хамгаалалтыг сайжруулдаг. Усалгааны суваг шуудууг сэргээн татаж усны урсгалыг
сайжруулан усалгааг тогтмол жигд хийдэг.
Мод үржүүлгийн талбайн хог хаягдлыг тогтмол цэвэрлэж хогийн цэгт ачиж буулгаж
байна. Мод үржүүлгийн газар бол төрөл бүрийн модны тарьц суулгацыг ургуулан,
амьдруулж үргэлжлүүлэн суулгац, тарьцаар нь шилжүүлэн суулгаж буй гол газар юм.
Тиймээс улсын хэмжээнд мод тарих өдрийн хүрээнд сумдад болон Улиастай суманд
тарих модыг энд бэлтгэж хавар, намар бусад газарт шилжүүлэн өгдөг. Тухайлбал
өнгөрсөн жил гэхэд Мод үржүүлгийн газраас 4000 улиас, бургасны суулгацыг
стандартын дагуу бэлтгэж, тээвэрлэн тарьж суулгасан байна. 2018, 2019 онд тарьсан тарьц, суулгацын
усалгаа, арчилгааг тогтмол хийснээр тарьц, модны амьдралт маш сайн байдаг. Энд
мэргэжлийн байгууллагууд, иргэд, ойн нөхөрлөлүүд хамтран ажиллаж байна.
-Аймгийн
хэмжээнд хэчнээн мод үржүүлгийн газарт тарьц үржүүлж байна вэ?
-Өнгөрсөн жил гэхэд Их-Уул, Тосонцэнгэл,
Улиастай суманд байршилтай 14 мод үржүүлгийн газарт шилмүүст модны 3531381 ширхэг,
навчит модны суулгац 175100 ширхэг нийт 3706481 ширхэгийг үржүүлжээ. Мөн шинэсний
72 кг, хушны 10 кг нийт 82 кг үр бэлтгэсэн байна.
-Бүх
нийтээр мод тарих өдөр Завхан аймагт мод тарих хөдөлгөөн хэр өрнөж байна. Энэ
өдөр тарьсан модны амьдралт хэр зэрэг байгаа вэ? Нийтийг хамарсан мод тарих
өдрийн ажил үр дүнгээ өгдөг үү?
-Жил
бүрийн бүх нийтээр мод тарих өдөр олон нийтийг хамарсан мод тарих хөдөлгөөн маш
сайн өрнөдөг. Мөн манай аймгийн тухайд сүүлийн гурван жил “Миний гоё сум” аяныг
өрнүүлж, сумаа, байгууллагынхаа гадна орчныг ногоорүүлах, цэцэрлэгжүүлэх, мод
тарих хөдөлгөөнийг өрнүүлдэг.
Өнгөрсөн жилийн тухайд цар тахлын улмаас “Мод
тарих үндэсний өдөр”-ийг олон нийтийг хамруулан зохион байгуулаагүй. Аймгийн
Засаг даргын 2020 оны А/183 “Нэг өрх - нэг мод” арга хэмжээ зохион байгуулах
тухай захирамж, "Миний гоё сум" аяны
хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг
иргэдтэй гэрээ байгуулан ажилласан нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал 12
төрлийн 5630 ширхэг суулгац, 8 төрлийн 75 ширхэг мандлын цэцгийн үр татан авч
сумдад хуваарилан мод тарих ажлыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар
16035 ширхэг, намар нь 15165 ширхэг нийт 12 төрлийн 31200 ширхэг мод бутыг 214
аж ахуйн нэгж байгууллага, 5100 иргэн оролцож тарьсан байна.
Түүнчлэн жил бүр аймгийн
хэмжээнд мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн, аж ахуйн
нэгжүүдийн худалдах тарьц суулгацын судалгааг нэгтгэн гаргаж, 24 суманд
хүргүүлснээр мод тарих сонирхолтой иргэн аж ахуйн нэгжтэй нь холбож ажиллаж
байгаа нь үр дүнгээ өгдөг. Завхан аймагт “Миний гоё сум” аяны хүрээнд сум бүрт
бичил цэцэрлэг байгуулснаар нийт 52 га ногоон байгууламжийн талбайтай болсон. Одоо
эдгээр талбайгаа цаашид үргэлжлүүлэн арчлах, тордох нь чухал юм. Улиастай-Доной
чиглэлийн 5км авто зам, Улиастай-Ганцын даваа чиглэлийн 3км авто зам дагуу 2000
ширхэг улиас мод тарьж, хайс хамгаалалтын ажлыг хийсэн байна.
-Ойд хүний үйл ажиллагаа ямар сөрөг нөлөө
үзүүлж байна вэ? Ой хамгааллын ажил, ялангуяа ойн түймрээс урьдчилан сэргийлэх,
ойн хөнөөлт шавжтай тэмцэх ямар ажлууд хийдэг вэ?
-Ойд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг
нөлөө их бий. Тухайлбал хэт том талбайд мод бэлтгэх, хууль бус мод бэлтгэл, ойрхон
давтамжтай өргөн цар хүрээтэй ойн түймэр, алт олборлолтоос үүдэн бэлчээрийн
талбай хорогдох, бэлчээр хорогдсоноос малын бэлчээр ой руу тэлэх гэхчлэн сөрөг
нөлөө их бий. Хорхой шавж болон өөр ан амьтан ч ойд хөнөөл учруулдаг. Гол
биотик хөнөөгч нь шавж (хүр хорхой, хүр эрвээхий) Хүр хорхой (Ips subelongatus)
авгалдайгаа өвчтэй модонд шахдаг бөгөөд модонд учруулах хөнөөл нь тийм ч
аюултай бус юм. Харин хэт их олширсон тохиолдолд модыг бөөнөөр нь гэмтээдэг
бөгөөд үүнээс болж мод хатаж хорчийдог. Мод бэлтгэлээс үлдсэн хаягдлыг цэвэрлэж
зайлуулаагүйгээс хүр хорхой үржих нөхцөл бүрддэг. Сибирийн хүр эрвээхий
(Dendrolimus sibiricus) олширсон тохиолдолд ойн талбайд их хэмжээний хохирол
учруулдаг. Ойн экосистемд учруулж байгаа ан амьтны хохирол төдийлөн их биш ч
байгалийн аясаар залуужиж байгаа өсвөрийн ургацыг гэмтээснээр их хэмжээний
хохирол үүсдэг.
Мөн модны их бие түймэрт идэгдэж гэмтсэнээр мөөгөнцөр үржих
таатай нөхцөл бүрддэг. Мөөгөнцөрт идэгдсэн мод яваандаа ялзарч техникийн
ашиглалт нь буурдаг. Түүнчлэн шигүү ургасан хог ургамал намар хатаж, өвөл цасан
бүрхүүлд хучигдсанаар нялх тарьц, суулгацыг дарж ойг нөхөн сэргээх ажилд их
хэмжээний алдагдал учруулдаг. Тарьц, суулгацаа үхүүлэхгүйн тулд тогтмол арчилж
эргэн тойрных нь хог ургамлыг хадах шаардлагатай. Бүлгээр нь огтолсон талбайд
хог ургамлын төрөл, өтгөрөлтөөс хамаарч бургас огтлогч төхөөрөмж ашиглах нь
тохиромжтой. Долдугаар сарын сүүл найман сарын эхээр хог ургамлыг хадахад тохиромжтой
байдаг. Хог ургамлыг хадах ажил ямар нэг хохиролгүй явагдахад тарьц, суулгацыг
ижил зайтай эгнүүлж тарих нь хог ургамлыг хадах ажилд элдэв бэрхшээл үүсэхгүй
сайн талтай байдаг. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх, нөхөн сэргээлтийн ажилд
заавал мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөл, иргэд хамтран оролцох нь чухал юм.
Өнгөрсөн жил гэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар хамтран “Ойн сан
бүхий сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг
эрчимжүүлэх, байнгын эргүүл, хяналтын цэгийг тогтмол ажиллуулах тухай ажлын
удирдамж”-ийг батлан, ойн сан бүхий 20 суманд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт
тавьж ажилласан. Мөн түймрийн аюултай үеүдэд ихэнх сумын нутгаар агаарын
хуурайшилт III, IY зэрэгт хүрдэг. Энэ үед ойн сан бүхий газар нутагтай
мэргэжлийн байгууллагууд нягт хамтран ажилладаг. Тухайлбал өнгөрсөн жил ойн сан
бүхий Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумын малчин өрхийн 50
иргэнд урамшуулал олгох замаар “Идэвхтэн байгаль хамгаалагчийн гэрээ” байгуулан
үнэмлэх, тэмдэг олгож ой хээрийн түймрийн аюултай үеүдэд ой, хээрийн түймрээс
урьдчилан сэргийлэх ажлыг хийлгэдэг. Өөрөөр хэлбэл тухайн сум орон нутгийн
иргэд мэргэжлийн байгууллагууд хамтран ойгоо хамгаалах ажлыг хийсэн гэсэн үг. Асаасан
чүдэнз болон тамхи, халуун үнс нурмыг ил задгай хаяхгүй байх, оч баригчгүй тээврийн
хэрэгслээр зорчихгүй байх. Ой түүний орчинд ил задгай гал түлэхгүй байх, шатах
тослох материал шингээсэн даавуу болон эд зүйлсийг зориулалтын бус газар
хаяхгүй байх. Шатахуунаар цэнэглэж байгаа тээврийн хэрэгслийн дэргэд ил гал
гаргахгүй, тамхи татахгүй байх зэрэг санамж зөвлөмж, шторкийг бэлтгэн цахим
орчинд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайн сум орон
нутгийн иргэд болон явуулын хүмүүст тарааж өгөх ажлыг жил бүр хийдэг
уламжлалтай.
Байгаль хамгаалагчид ойн сан бүхий газраар
нутагладаг 20 сумын 82 багийн 1476 өрхөд хүрч ой, хээрийн түймрээс урьдчилан
сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг өгч ой, хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа
гаргуулан гарын үсэг зуруулсан байна. Мөн 24 сумын 2600 иргэнд ой, хээрийн
түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага, сурталчилгааны материал тараасан
байна. Ой, хээрийн түймрийн аюултай үеүдэд хариуцлагатай жижүүрийн хуваарь
гарган сумдаас болон сум дундын ойн ангиудаас ой, хээрийн түймрийн талаарх
мэдээллийг шуурхай авдаг. Ингэснээр түймэр гаргахгүй байх, түймрээс урьдчилан
сэргийлэх олон талын ажлыг орон нутгийн иргэдтэй нь хамтран хийж байгаа.
2020 онд ойн хөнөөлт шавжтай
механик аргаар тэмцэх ажлыг Их-Уул сумын ойн санд 1000 га талбайд хийсэн байна.
Ойн хөнөөлт шавжийн биологи-экологийн онцлогийг тодорхойлох суурин судалгааны
35 цэг дээр судалгааны ажлыг ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хийж
гүйцэтгэн материал боловсруулалтын ажил хийж байна.
-Ойг хамгаалахад ойн нөхөрлөлүүдийн
оролцоо чухал гэж та хэллээ? Тэгвэл ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжихэд
ямар бодлого барьж ажилладаг вэ?
-Манай
аймагт ойг хамгаалах, нөхөн сэргээх, үйл ажиллагааг явуулж буй 84 ойн нөхөрлөл бий. Эдгээр нөхөрлөлүүдийг чадавхжуулах чиглэлээр олон талын
сургалтуудыг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын "Монголын унаган
байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслөөс "Зэрлэг амьтдын
мониторинг хийх аргачлал", "Багаж хэрэгсэл арга ажиллагаа",
"Мод тарьж ургуулах арга, аргачлал", "Мод үржүүлгийн газар байгуулах",
"Хүлэмжид мод ургамал тариалах арга" зэрэг сургалтуудыг Тосонцэнгэл
сумын 23, Их-Уул сумын 11 ойн нөхөрлөлийн гишүүдийн дунд зохион байгуулж чадавхжуулаад
байна. Мөн Их-Уул, Тосонцэнгэл сумын ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулан
ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд сонгон шалгаруулалтаар “Агь наран булаг
хангай” нөхөрлөл, “Нисдэг үр” ТББ-ын мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг
дэмжих зорилгоор 60 сая төгрөгийн
санхүүжилтийг төслөөс олгон дэмжлэг үзүүлсэн байна.
-Манай аймагт ойн ашиглалтын үйл
ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?
-Жил
бүр ойгоос хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх чиглэлээр тогтоол гардаг. Тэгвэл
2019 оны 73 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд 48752 м.куб хэрэглээ, 101219
м.куб түлээ нийт 149971 м.куб мод бэлтгэхээр тогтоосон. Энэ дагуу 2020 оны 12
дугаар сарын 18-ны өдрийн байдлаар аймгийн ойн сан бүхий 16 сумын ойн сангаас
14509 м.куб хэрэглээ, 53025.6 м.куб түлээ нийт 67535 м.куб мод бэлтгэж
239970676 төгрөг төлбөр хураамж төсөвт орсон байна. Харин аймгийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны Ойгоос мод бэлтгэх эрх шилжүүлэх
тухай 24 дүгээр тогтоолоор Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байршилтай “Хан хөвч”
ХХК нь үйлдвэрлэлийн огтлолтоор хэрэглээний мод 140 м3 бэлтгэж Тосонцэнгэл
суманд гүүр барих ажилд нийлүүлсэн байна. Үүнд Баянтэс сумаас 20м3 мод бэлтгэж
257909 төгрөг, Их-Уул сумаас 70м3 мод бэлтгэж 902694 төгрөг, Идэр сумаас 50м3
мод бэлтгэж 644750 төгрөг нийт 1805353 төгрөгийн төлбөр хураамжийг сум тус
бүрийн төсөвт оруулсан байна. Мөн Баянтэс сумын ойн сангийн 70 га, Тосонцэнгэл сумын ойн сангийн 45 га
талбайд ойн арчилгааны огтлолт, Идэр сумын ойн сангийн 30 га, Тосонцэнгэл сумын
ойн сангийн 30 га талбайд цэвэрлэгээ хийж ойжуулах. Идэр сумын ойн сангийн 25
га талбайд ойн цэвэрлэгээний огтлолт хийх ажлуудыг ойн мэргэжлийн байгууллагуудтай
гэрээ байгуулан хийлгээд байна. Харин
-Хууль
бус мод бэлтгэлийн зөрчил хэр зэрэг гарч байна вэ?
-Манай
байгууллагаас хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг
явуулсан. Тухайлбал сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын
байцаагч нар хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж хууль бус мод
бэлтгэлтэй тэмцэх ажлыг жилийн турш явуулж байна. 2020 онд гэхэд 395 удаагийн шалгалтаар 60 зөрчил
илрүүлж 36 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж 190 м3 мод хураажээ. Мөн цагдаагийн газраас шинжээч томилох
тогтоолын дагуу Алдархаан, Улиастай, Яруу суманд хууль бусаар бэлтгэсэн бургас,
шинэс модонд үзлэг хийж модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоож ажилласан
байна. Харин 2021 он гарсаар
хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг зөрчил гараагүй байна.