Дарханы 15 нэр дэвшигч өнөөдрөөс суулт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-13 13:33:35

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хасч, сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн нэр бүхий 15 иргэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд бие даагчаар нэр дэвшсэн 8, МАН-аас нэр дэвшсэн 7 иргэнийг аймгийн Сонгуулийн хороо нэрсийн жагсаалтаас хассан байна. Тэдгээр иргэд энэ тухайд, "Тус аймгийн 9 тойргийн 35 мянга орчим сонгогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болж байна. Бид энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл тус Сонгуулийн хороо сонгуулийн сурталчилгаа эхэлчихээд байхад нэр дэвшигчээр бүртгэхгүй байна" хэмээн ярив.

Тус аймгийн Сонгуулийн хороо ийн хууль зөрчиж, хэт нэг талыг барьж байгаа тул тэдгээр нэр дэвшигчид тэмцлийн олон хэлбэрийг сонгоно гэдгээ илэрхийллээ. Одоогийн байдлаар тэд тойрогтоо суулт зарлаад байгаа ба хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ