Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарсан судалгаа хийхээр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон албаны хүмүүс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төсөл хөтөлбөрийн менежер Виктор Лютенкотой өнөөдөр цахим уулзлаа.
Менежер Виктор Лютенко ҮСХ-ноос чанартай мэдээлэл гаргаж, олон улсын түвшинд үнэлэгддэгийг дурдаад, шилжих хөдөлгөөний статистик мэдээллийг илүү боловсронгуй болгоход хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.
Дотоод шилжилт хөдөлгөөний талаарх үндэсний мэдээллийн
чанарыг нэмэгдүүлэх, одоо
байгаа шилжилт хөдөлгөөний тоо, мэдээллийн ашиглалт, хүртээмж, харагдах байдлыг
сайжруулж, шилжилт хөдөлгөөнийг бодлого, зохицуулалтад уялдуулан, цогц байдлаар
нэвтрүүлэхэд хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцов.
Энэ хүрээнд Хот суурин газраас хөдөө орон нутаг руу чиглэсэн
эсрэг чиглэлтэй шилжилт хөдөлгөөний талаар судалгаа хийхээр тохиролцож, түүвэр
судалгааг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт зохион байгуулахаар төлөвлөж
байна.
Мөн шилжих хөдөлгөөний статистикийг сайжруулах чиглэлээр
ОУШХБ-аас зөвлөх үйлчилгээ, сургалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтойгоо мэдэгдэв.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа шилжих хөдөлгөөний статистикийн мэдээллийг сайжруулах, хамтарсан судалгаа хийхэд дэмжиж буйд талархаад, цаашид хамтран ажиллахаа хэлсэн. Мөн гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн эх орон руугаа илгээх мөнгөн гуйвуулга өрхөд хэрхэн нөлөөлж байгаа тооцоог хамтран хийх боломжтой талаар харилцан санал солилцлоо.
ОУШХБ-аас 2019-2023 онд "Монгол дахь дотоодын шилжилт
хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн
удирдах зөвлөлийн гишүүнээр ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга
А.Амарбал ажиллаж байна.
Энэ төсөл нь шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд
суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотой бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа
хэрэгжүүлж дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг
сайжруулах зорилготой аж.