Баян-Өлгий аймгийн 121 ахмад настанд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-12 12:13:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эмзэг бүлгийн 65-аас дээш насны 121 ахмад настанд гэрийн эмийн сан бүхий хүмүүнлэгийн багц олголоо.

Уг ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран хэрэгжүүлж буй “Короновируст халдварын цар тахлын хөл хорионы үед настанд хүрэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Геронтологийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр хүмүүнлэгийн багцыг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нарт энэ сарын 11-ний өдөр хүлээлгэж өгөв.

"Монгол Улсын хүн амын бүтцэд жилээс жилд насжилт нэмэгдэж байна. Насжилт нэмэгдсэнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа" хэмээн тэрээр хэллээ.  

Тусламжийн багцад гар халдваргүйжүүлэх, ам, хоолой зайлах бодис, халуун бууруулах, даралт, ходоодны эм, амин дэм, амны хаалт, боолт, ор хөнжлийн даавуу, эко цай, саван, хүнсний талон зэрэг 80-аад мянган төгрөгийн үнэтэй эм, хэрэгсэл  багтжээ.

Ташрамд дурдахад, дээрх төслөөр нийслэлийн 9 дүүрэг, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ аймгийн нийт 2937 настанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ