Л.Оюун-Эрдэнэ: Мэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын зах зээлд гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компанийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр дээрх хүмүүстэй дахин уулзаж байгаа нь энэ юм.
Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах асуудалд анхаарлаа хандуулсаар байна. Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гарах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг болохыг хүссэн саналыг түлхүү тавив.
Мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг олгодог талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг олгож, хамтран ажилладаг баримтуудыг дурдаж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Мэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана” гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалт хийхээ тодотгов.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байгааг дурдав. Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломж байгааг ч Ерөнхий сайд онцоллоо.