"Лалын улс"-ынхан Дамаскийн ойролцоо дэлбэрэлт үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-12 13:23:17

ДАМАСК. /Anadolu/. Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших газарт хоёр дэлбэрэлт болсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархаджээ. Уг халдлагуудын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Лалын шиитийн урсгалыг шүтдэг хүмүүс голдуу оршин суудаг хотод бямба гарагийн өглөө халдлагчид амиа золиосолжээ.

Үүний дараахан өөр нэг газарт тэсрэх төхөөрөг ачсан тээврийн хэрэгсэл дэлбэрсэн байна.

Сирийн үндэсний телевизийн мэдээлснээр, хохирогчдын дунд хүүхэд болон эмэгтэйчүүд байжээ.

“Лалын улс”-ынхан мэдэгдэл хийхдээ “Шиитүүд олноороо цугласан газрыг бид онилон халдлага үйлдсэн” гэв.

Сирийн хойд нутгийн Ракка хот дахь тус бүлэглэлийн байршлууд руу Курдын хүчнийхэн болон АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэй бусад хүчнийхэн давшсаар байна. Ракка нь босогчдын гол түшиц газар билээ.
Ракка хотыг чөлөөлөхийн тулд Оросын хүчнийхэн мөн Сирийн засгийн газрын хүчнийхэнд тусалж байгаа юм.
“Лалын улс”-ынхан Сирийн томоохон хотуудад террорист халдлага үйлдсээр байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ