II Элизаветагийн 90 насны ойг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-12 12:24:43

ЛОНДОН. /ВВС/. Их Британид хатан хаан II Элизаветагийн 90 насны төрсөн өдөрт зориулсан албан ёсны баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Гурав хоног үргэлжлэх баярын арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт эхэлсэн юм.

Хатан хаан дөрөвдүгээр сарын 21-нд 90 нас хүрсэн боловч цаг агаарын байдлаас шалтгаалан зургадугаар сард албан ёсны арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ билээ.

Бямба гарагт Лондон хотноо цэргийн баярын парад болжээ. Ногоон өнгийн хувцсаар гоёсон хатан хаан Букингемийн ордноос морин тэрэгтэй гудамжаар явжээ. Гудамжинд эгнэн зогсон баяр хүргэж байсан хүмүүс рүү тэрбээр инээмсэглэж, гараараа даллаж байсан байна.

Дараа нь тэрбээр үндэсний хувцастай 1600 цэргийн парадыг үзэж сонирхжээ.

Харин өнөөдөр Букингемийн ордон хүрдэг томоохон өргөн чөлөөнд 10 мянган хүний гудамжны үдэшлэгийг хатан хаан зохион байгуулна.

II Элизавета 1952 онд хатан хаан болсон бөгөөд Их Британийн түүхэнд түүн шиг урт хугацаанд хаан ширээнд суусан хүн байхгүй.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ