Монголын 8 Богдын хөргийг анх удаа олны хүртээл болгов

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2015-09-29 15:58:54

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан "Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл" үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.

Эл үзэсгэлэнд Польшийн Варшавын дорно дахины их сургуулийн багш Б.Рагчаагийн хувийн цуглуулгаас Өндөр гэгээн Занабазарын ном бүтээлүүд, хөрөг зураг, Монголын Анхдугаар Богд /1635-1723/-оос эхлээд Монголын есөн Богд, тэдний багш, шавь нарын 200 орчим ном, бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, Өндөр Гэгээний өөрийн зохиосон “Сүнбүм” бүтээлийн эмхэтгэл, төрөл бүрийн магтаал, соёмбо, дөрвөлжин үсгийн цагаан толгой болон монгол лам нарын хийсэн тайлбарууд, “Монгол билиг” судалгааны төвийн бүтээлүүдийг тавьжээ.

Мөн 8 Богдын хөргийг анх удаа энэ үзэсгэлэнд олны хүртээл болгож буйгаараа онцлогтой. Хөргүүдийг хуучны муутуу цаасан дээр гараар хар бэхээр зурсан, маш ховор  бүтээл гэдгийг эрдэмтэн лам Б.Рагчаа онцолж байв. Тэрбээр хэлэхдээ, “Өндөр Гэгээний дүрийг монголчууд шаазан урлалаар бүтээж байсан. 1955 онд байгуулсан Шаазан ваарын үйлдвэрт Өндөр Гэгээний дүрийг шаазангаар 5 янзаар бүтээсэн байдаг. Мөн Монгол Улсын нийслэл байгуулагдсаны 360 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн марканд Өндөр Гэгээн Занабазарыг Нийслэлийг үүсгэн байгуулагчаар оруулсан. Харин VIII Богд болон Дондогдулам хатныг XX зууны үеийн ихэс, дээдсийн  дүрээр мөнхөлсөн" гэв.

Түүнчлэн Өндөр гэгээн өөрөө бүтээсэн хэмээх  Хонх очиртой өөрийнх нь хүрэл цутгамал алтан шармал дүр, Шаазан ваарын үйлдвэрийн “Чамин” тасгийн зураач, загвар зохион бүтээгч Д.Дашдэлгэрийн 1994 онд бүтээсэн “Хонины ууц таллаж буй Өндөр гэгээн Занабазар”, “Судар ном барьсан Өндөр Гэгээн Занабазар”, уран Д.Самбалхүндэвийн цаасан муутууны аргаар бүтээсэн байгалийн шороон будгаар өнгө ялган зурсан дүр олны анхаарлыг татаж байсан юм.

Тус үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно. Үзэсгэлэнг монголчуудын төвд хэл бүтээлийг судлах “Монгол билиг” судалгааны төв, Богд хааны ордон музей, Бакула ринбүүчийн Бэтүб төв, “Nogoon Jade” боловсролын төв хамтран зохион байгуулав.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд