О.Дашпагма: Ихэнх вакциныг зургаан сараас дээш хугацаанд хадгалах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-04 11:35:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс коронавирусний цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакциныг хүн амдаа тарихаар импортолж байна. Тэдгээрийг импортлох асуудал болон хадгалах хугацаа, зарим вакцины зөвшөөрөл ДЭМБ-аас хэзээ ирэх зэрэг асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. 


- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оруулж ирсэн вакциныг иргэд төлбөрөө төлөөд хийлгэж болно гэсэн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг оруулж ирэхээр хэдэн аж ахуйн нэгж ажиллаж байна вэ?


-Монгол Улсад мөрдөж буй хууль, эрх зүйн зохицуулалтаар эм ханган нийлүүлэх, импортлох эрхтэй компаниуд вакцин оруулж ирэх үйл ажиллагааг явуулна. Харин Дархлаажуулалтын хуульд, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага дархлаажуулах ажил явуулахаар заасан. Ингэхдээ, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан холбогдох журам, зааврыг мөрдөж, бэлтгэл, шаардлага хангасан байгууллага вакцинжуулах ажлыг зохион байгуулна. 


- Манай улсад оруулж ирээд буй хоёр вакцины хувьд ДЭМБ-ын зөвшөөрөл шаардлагатай байгаа. Эдгээр вакциныг ямар горимд, хэдэн сар хадгалах боломжтой вэ?


-ДЭМБ-аас цар тахлын эсрэг вакцинуудад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгож байна. Манай улс ДЭМБ-аас яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг хүн амдаа тарьж байгаа. Одоогоор манай улсад орж ирсэн, зөвшөөрөл хүлээж байгаа вакцины хувьд, ДЭМБ-аас гуравдугаар сарын эхээр батална гэсэн албан мэдээтэй байна. Тиймээс энэ сард багтаж зөвшөөрөл нь ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Үйлдвэрлэгчийн зааврын дагуу вакциныг хадгалах ёстой. Ихэнх вакциныг зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар хадгалах горимтой. Тухайлбал, Синофарм вакцины хувьд 2023 он хүртэл 2-8 хэмд хадгалах заавартай юм. Бид энэ горимоор нь хадгалж байна. 


- Дархлаажуулах ажил удаан явагдаж байна гэж үзэх хүмүүс байна. Вакцины онцлогоос хамаараад тодорхой хугацаа шаардагдаж байгааг ойлгож байна. Гэхдээ нэг өдөрт вакцинжуулж буй иргэдийн тоо өнөөгийн түвшнээр үргэлжилбэл бүх нийтийг вакцинжуулахад хугацаа их орох нь. Цаашид дархлаажуулалтын ажлыг ямар төлөвлөгөөтэй явуулах вэ?


-Төлөвлөгөөний дагуу нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинжуулж байна. Тэдгээр эмч, мэргэжилтнүүд дархлаажуулах үйлчилгээг эргээд зорилтот бүлэгт хүргэх ажилд оролцоно. Хувийн хэвшил болон улсын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг вакцинжуулах ажил үе шаттай явагдаж байгаа. Мөн цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд оролцож буй албан хаагчид хамрагдаж байна. Тэдгээр хүмүүс хуваарьт үүргийнхээ дагуу ажиллаж байгаа учраас ажлын зохицуулалт хийж вакцинд хамруулж байгаа юм. Дархлаажуулах ажилд оролцох эмч мэргэжилтнүүдийг улсын хэмжээнд сургаж, бэлтгэсэн. Цаашдаа дархлаажуулах цэгийн тоог нэмж, хүн амын дунд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө гаргасан байгаа.

Холбоотой мэдээ