Японы тэрбумтан Сар руу хамт аялах найман хүнийг хайж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 14:15:07

ЛОНДОН. /BBC/. Японы тэрбумтан Юсаку Маэзава найман хүнийг Илон Маскын “SpaceX” компанийн сансрын хөлөг онгоцоор Сар руу хамт аялахыг урьжээ.


“Нийгмийн ямар ч бүлэгт багтдагийг үл харгалзан бидэнтэй нэгдээсэй гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхийн сацуу сонирхсон хүмүүст зориулж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх холбоосыг /https://dearmoon.earth/ нийтэлжээ. Аяллын бүх зардлыг даана гэдгээ тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Аялалд оролцохыг хүссэн хүмүүст хоёр шалгуур тавьжээ. Тодруулбал, явагдаж буй аливаа үйл ажиллагаанд бэлтгэлтэй байх, бусаддаа туслахаас гадна ижил зорилготой багийн бусад гишүүнээ дэмжихэд бэлэн байх ёстой аж.  


“Бүх суудлыг худалдаад авчихсан тул энэхүү хөлөг нь бидний хувийн унаа болох юм” хэмээн Юсаку Маэзава мөн тэмдэглэсэн байна. 


Маэзава нь Японы амжилттай бизнес эрхлэгч, цуглуулагч төдийгүй зугаа цэнгэл хөөсөн баян залуу гэдгээрээ алдартай аж. Тэрбээр Илон Маскийн “SpaceX” компанийн 2023 онд Сар руу нисэх “dearMoon” нэртэй төсөлд оролцоно гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ