Орон нутагт танхимын хичээл эхлүүлэх, бэлэн байдлыг хангах цахим сургалт болж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-02-26 16:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Энэ хүрээнд БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтад аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 4436 эмч, удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх, сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлох заавар, зөвлөмж, арга зүйг цахим сургалтаар өгч байна.

Аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимаар хичээллэх юм.

 

Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн удирдлага, ажилтнуудад зориулсан цахим сургалт гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.


Холбоотой мэдээ