Эдийн засгийн бодлогын зөвлөлтэй санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-26 15:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзав. 

Тэрээр, "COVID-19" цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрч буйг онцлоод, энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд буйг танилцуулж зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо. 


10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжсэнээр уналтад орсон эдийн засгаа ойрын 3 жилд сэргээж, ажлын байраа дэмжсэн дунд хугацааны хүү багатай зээл, дэмжлэгүүдийг ард иргэд, ахуйн нэгжүүддээ үзүүлэх юм.

Хүү багатай зээлийн шалгуур, ААН-үүд ямар зориулалтаар ашиглах, эргээд улсын эдийн засагт хэрхэн сайн үр дүнг авч ирэх, орон сууцны хөтөлбөр дундаж давхрага болон залуу гэр бүл зорилтод бүлэг хэрхэн хамрагдах зэрэг 10 их наядын цогц төлөвлөгөөтэй холбоотой сэдвээр Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 


Тус зөвлөл нь Монгол Улсын хөгжлийн бодлого, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний талаар Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэн ажиллах юм. 

Зөвлөл нь Монголбанк, СЗХ, ҮСХ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, МУИС, СЭЗДС зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий академич, доктор, эдийн засагч, судлаачдын бүрэлдэхүүнтэй юм.


Холбоотой мэдээ